Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой томоохон хоёр санамж бичгийг үзэглэлээ. Тодруулбал, Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Сингапур Улсын “Эс Ти Инженеринг Электроникс” компанийн Хөдөлгөөнт байдал хариуцсан захирал Кох Чан Тиа нар Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох авто замын сүлжээг сайжруулах, тогтвортой тээврийн менежмент болон нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлд шийдэл нэвтрүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар санамж бичиг байгуулсан юм. Мөн Хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга С.Очир-Эрдэнэ Сингапурын “Си Пи Жи Интернэшл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Винсент Лох Венг Сенгтэй үзэглэв. Санамж бичгийн хүрээнд Сонсголонт хот буюу 10 мянга га шинэ хотын төлөвлөлтөд талууд хамтран ажиллаж, хамтын ажиллагааны салбар, чиглэл бүрээр холбогдох гэрээ байгуулах замаар төсөл хэрэгжүүлэх юм.Санамж бичгүүдийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дараах тайлбарыг өглөө.
-Бүгд Найрамдах Сингапур Улс нь дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байгаа. Ялангуяа эдийн засгийн хөгжлөөрөө бүс нутгийн болоод дэлхийд тэргүүлэгч улсын нэг. Хоёрдугаарт, хүн амын нягтаршил ихтэй ч бага орон зайг амжилттай ашиглаж, эдийн засгаа хүчирхэгжүүлсэн улс. Тийм учраас Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хот тус улсаас суралцах, туршлагыг нь нутагшуулах зүйл их байна. Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд хот төлөвлөлтийн чиглэлээр тус улстай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Улаанбаатар хотыг дахин төлөвлөж, түгжрэл болоод дижитал шилжилт, инженерийн байгууламжийг шинэ стандартад хүргэх зэрэг олон асуудлыг цогц шийдэхэд ач холбогдолтой санамж бичиг юм.
Бид хөгжлийг 50, 100 жилээр нь төлөвлөж, алсыг харсан даацтай бодлогыг боловсруулан гаргах ёстой. Энэ нь Сингапур Улсын хэрэгжүүлж буй бодлоготой нийцэж буй юм. Хотын хөгжлийг тав, арван жилээр төлөвлөх бус, дараагийн 50, 100 жилд Улаанбаатар хот ямар байх вэ, хөгжлийн шийдэл гарц нь юу байх вэ гэдгийг одоогоос суурьтайгаар боловсруулах ёстой. Ялангуяа эрх зүйн шинэтгэл, эдийн засгийн шинэтгэл, засаглалын шинэтгэлийг олон улсын хотуудын хөгжлийн түвшинд хүргэж, тэдний зохион байгуулалтад орж байж Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлыг бид шийднэ. Мэдээж, богино хугацааны бодлого бас бий. Богино хугацаанд түгжрэлийг бууруулах хэд хэдэн цогц асуудлыг шийдэхээр эртнээс бэлдсэн. Ухаалаг Улаанбаатар, тэр дундаа нийтийн тээвэр гэх мэт. Улаанбаатар хотын хөнгөн галт тэрэг, тойрог хурдны зам төслүүдийг бид заавал хийх ёстой. Тойрог хурдны замтай холбогдсон туслах зам буюу 12 уулзварыг заавал хийх шаардлагатай. 1.6 сая хүн амьдарч байгаа нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд нийцсэн, цаг хугацааг зөв тооцсон, эдийн засгийн үр ашигтай шийдэл, гарцуудыг бид хийх ёстой.
Дараагийн хийх зүйл бол дижитал шилжилт. Цахим шилжилтийг хийхээр Монгол Улсын Ерөнхий сайд ажиллаж байгаа. Сингапурын “Эс Ти Инженеринг Электроникс” нь төрийн өмчит буюу 51 хувийг нь Тэмасек олон улсын сан эзэмшдэг томоохон компани. Тус компанитай хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Маш олон шийдлийг судалж байна. Нийтийн тээврийн тухайд зөвхөн нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр биш, татварын системтэй уялдуулан, авто замын орц, гарцуудыг оновчтой болгох зэрэг шийдлүүд байна. Цахим шилжилтийг нийтийн тээвэрт хийх ёстой. Маш олон цогц бодлого нэгдэж байж, түгжрэл, төвлөрлийн асуудлыг шийднэ. Үүнийг “Эс Ти Инженеринг Электроникс” компанитай хамтарч хийхээр эхний санамж бичгээ үзэглэлээ. Монгол Улсын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн одоогийн явцыг харахад, 1991 оны Сингапурын нөхцөл байдалтай адил байна. Бид 30 жилээр хоцорч явна гэж ойлгох хэрэгтэй. Иймд гурав дахин хурдаар зохион байгуулалтад орж ажиллаж байж, цаг хугацаа хэмнэж, үр дүнд хүрнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үр дүн Улаанбаатар хотод онцгой ач холбогдолтой боллоо гэж үзэж байна гэлээ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР