Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах
ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготойгоор жил бүрийн өдийд
Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэ сарын 16-ны
өдөр тус шалгалт эхлэх гэж байна.
Энэ жил ЭЕШ-д нийт 43846
шалгуулагч бүртгүүлснээс 37950 нь энэ оны төгсөгчид байгаа бол 5896
нь өмнөх оны төгсөгчид байна. Нийт бүртгүүлсэн шалгуулагчдын дийлэнх нь буюу
32235 нь математикийн хичээлийг сонгожээ. Харин
Монголын түүх, Орос хэлний хичээлийн шалгалтыг хамгийн цөөн хүүхэд өгөхөөр
бүртгүүлсэн аж.
Мөн энэ жилийн ЭЕШ-ын гол онцлог нь босго оноог 480
болгон нэмэгдүүлсэн явдал юм. Өөрөөр хэлбэл элсэлтийн оноо доод тал
нь 480 байх бөгөөд түүнээс дээш хэд байхыг их, дээд сургуулиуд өөрсдөө тогтоох
юм. Ингэснээр дээд боловсролыг чанаржуулах ач холбогдолтой гэж албаны хүмүүс
үзжээ.
Харин ЭЕШ-ын
дүн оноо, жагсаалтыг 2018 оны долдугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагаас
өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлах бол
шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код
ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэх боломжтой юм байна.
Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын материалыг газар
дээр нь засдаг төхөөрөмж нэвтрүүлэхийг зорьж байгаа билээ. Уг системийг ирэх
2019 онд бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж, энэ жилийн шалгалтын үеэр туршилтын
ажлыг хийхээр болсон байна.