Ая тухтай наадахад анхаарах зүйлсийг албаныхан санууллаа
7 сарын 8, 2022

  Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд маргаашаас эхэлнэ. Олон хоног үргэлжлэх амралтын өдрүүдийг аюул осолгүй, ая тухтай, амар тайван өнгөрүүлэхийн тулд мэргэжлийн байгууллагууд хэрхэн ажиллах хийгээд иргэд юунд анхаарах тухай мэдээллийг өглөө. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /НЦУГ/-ын хэлтсийн дарга Б.Батзориг нар оролцлоо.

ЗОРИУЛАЛТЫН БУС ЗАВЬ, ГУДАС, АВТОМАШИНЫ ДУГУЙН ХАЙМАР АШИГЛАН СЭЛЭХ НЬ ЭРСДЭЛТЭЙ


НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй дараах мэдээллийг өглөө.

Нийслэлийн хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар 1154 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлага мэдээллээр алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь өмнөх оныхоос 10 хувиар нэмэгдсэн. Нийт дуудлага мэдээллийн 1085 буюу 94 хувийг объектын гал түймэр, тав буюу 0.4 хувийг ой хээрийн түймэр, 64 буюу 5.6 хувийг аврах ажиллагааны дуудлага эзэлж байна. Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослоос 1420 иргэний амь нас, эрүүл мэнд, 48 тэрбум 545 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Баяр наадмын амралт олон хоног үргэлжилж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэлээр нийслэл, дүүргийн Онцгой комиссын гишүүд болон гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудад бэлтгэл, бэлэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгосон. Байгууллага дээр жижүүр ажиллуулах, гамшиг ослын үед ажиллах аврах бүлгийг томилох, утсаа 24 цагийн турш нээлттэй байлгах үүрэг өгсөн.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/778 дугаар захирамжийг хэрэгжүүлж, Туул, Тэрэлж, Хэрлэн голд завьт болон хөдөлгөөнт явган эргүүлийг 10:00-20:00 цагуудад 180 км газарт үүрэг гүйцэтгэж байна. Үүний үр дүнд Онцгой байдлын газрын алба хаагчид усанд осолдож, живж байсан 36 иргэний амийг авран хамгаалсны дээр усанд осолдсон 10 хүний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.  Онцгой байдлын газраас усны ослын тоо, хохирлыг бууруулах, иргэдийг урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах, мэдлэг мэдээллээр хангах зорилгоор “Анхаарахад л болно” нөлөөллийн аяныг хэрэгжүүлэн ажиллаж байна. Аяны хүрээнд гол, усны аюул ослоос урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч байна гэлээ.

Иргэд гол, мөрөн, нуур, тогтоол усны орчимд амрах, зугаалах үедээ бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг НОБГ-аас онцгойлон анхаарууллаа. Монгол Улсын Шадар сайдын баталсан “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд мэргэжлийн байгууллагууд хамтран гол, нуурын завьт болон эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх, аюулгүй байдлыг хангуулж, гол, нуур, тогтоол усанд зориулалтын бус хийлдэг завь, гудас, автомашины дугуйн дотуур хаймар ашиглахгүй байх талаар сэрэмжлүүлэг өгч, иргэд олноор цуглардаг гол дагуу эрсдэл бүхий газруудад усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, анхааруулах самбарыг шинэчлэн байрлуулж буй юм.

Цагдаагийн байдлаас өгсөн мэдээллээр иргэд олуулаа аялж зугаалах үедээ усанд эрдэх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орсноос эрсдэл үүсдэг аж. Мөн хүүхдэд тавих хараа хяналтыг сулруулснаас тогтоол ус болон Туул голын салбарт усанд орж, усанд осолдсон тохиолдол гарсан байна. Тиймээс иргэд голын эргээс 50 метрийн зайтай буудаллах, баталгаат зам, гүүр, гарц, гармаар гарч занших, хайртай дотно хүмүүсээ эрсдэлээс хамгаалж байхыг онцлон  сануулж байна.

 НААДМЫН ӨДРҮҮДЭД 1069 ЭМЧ, СУВИЛАГЧ ЭМНЭЛГИЙН  ТУСЛАМЖ  ҮЗҮҮЛНЭ


НЭМГ-ын дарга Б.Бямбадорж өнгөрсөн жилийн наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагад ирсэн дуудлага, иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний талаар болон энэ жилийн баяр наадмын өдрүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр:

-Өнгөрсөн онд баяр наадам, амралтын өдрүүдэд дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн дотор, шүд, гэмтэл, мэс засал, хүүхдийн кабинет, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 9732 амбулаторийн үзлэг хийсэн. Яаралтай тусламжийн төвд 9269 дуудлага ирж, нийт дуудлагын 8598 нь насанд хүрэгчдийн  дуудлага эзэлж байлаа. Тэдгээрээс архины шалтгаант 782  /9.1 хувь/, хоол боловсруулах замын өвчний шалтгаант дөрөв /0.04 хувь/, төрөхийн дуудлага 434 /5 хувь/, бусад осол гэмтлийн 756 /8.8 хувь/ дуудлага байсан. Хүүхдийн түргэн тусламжийн дуудлага  671 ирж, 0-5 насны хүүхдийн томуу, амьсгалын замын өвчлөл зонхилж байсан. Энэ жилийн хувьд наадмын амралт олон хоног үргэлжилнэ. Амралтын өдрүүдэд эрүүл мэндийн үндсэн үйлчилгээнээс гадна  нэмэлт тусламж үйлчилгээг дараах байдлаар төлөвлөөд байна.

Ковидын халдварыг илрүүлэх шинжилгээний гурван цэг

Дархлаажуулалтын хоёр цэг

Яаралтай тусламжийн хөдөлгөөнт 14 цэг

24 цагийн ажиллагаатай нэг цэг,

Есөн дүүргийн эрүүл мэндийн төв тус бүр төрөлжсөн мэргэшлийн дөрвөн кабинет, Өрхийн эрүүл мэндийн 128 төвд жижүүрийн эмч, сувилагч нар өдрөөр ажиллана гэсэн юм.

Баяр наадмын өдрүүдэд хүмүүс айраг цагаа, хорхог боодог зэргийг баярын зоогтоо түлхүү хэрэглэдгээс ходоод, гэдэс, нойр булчирхай өвчлөх, үрэвсэх үндэс болдгийг НЭМГ-ын дарга анхааруулж байлаа. Нийслэлийн хэмжээнд хэвтүүлэн эмчлэх ор бүхий 17 эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт нийтдээ 510 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллах бол  Нийслэлийн түргэн тусламжийн төвд 41 автомашинтай 100 хүний бүрэлдэхүүнтэй баг 24 цагаар ажиллах юм. НЭМГ-аас нэг өдөрт 25 албан хаагч эмнэлэг, тусламж, үйлчилгээнд хяналт тавина.  Нийслэлийн хэмжээнд нийтдээ нэг өдөрт 1069 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн үүрэг гүйцэтгэнэ. Хүй 7  худагийн морь барианы газарт 24 цагийн нэг,  хөдөлгөөнт найман  цэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.

ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ НААДМААР НЭМЭГДДЭГ

Жилийн жилд наадмын өдрүүдэд цагдаагийн газарт олноор ирдэг дуудлага бол орон байрны хулгайн гэмт хэргийн дуудлага. Хүмүүс амралтын өдрүүдэд хөдөө, орон нутаг болоод амралтын газрыг зорихдоо гэрээ хөршдөө болон хамаатан садандаа захиж үлдээх, эргэж тойрч байхын чухлыг НЦУГ-ын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг анхааруулж байлаа. Тэрбээр:

-Цагдаагийн байгууллагад ердийн үед өдөрт дунджаар орон байрны хулгайн гэмт хэрэг 10 орчим бүртгэгддэг бол иргэдийн эзгүй, амралт зугаалгын цагуудад энэ тоо 30 болж нэмэгддэг. Тиймээс орон байрны хулгайн гэмт хэргээс сэргийлэхийн тулд гэрээ эзгүй орхиж байгаа бол хөрш айл болоод ойр дотно хүмүүстээ захиж анхааруулах нь зүйтэй. Түүнчлэн иргэд цахим орчинд гэр бүлээрээ аялж, зугаалж буй тухай мэдээллээ түгээдэг. Энэхүү мэдээллийг гэрийнх нь  хаяг байршлыг мэддэг шунахайн сэдэлтэй хүмүүс овжиноор ашиглаж, хулгай хийх магадлал өндөр байдаг.

Оны эхний зургаан сард 1400 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон харамсалтай мэдээлэл байна. Энэ жилийн хувьд хурдан морь унаж байгаад гэмтэж гэмтлээ даалгүй нас барсан 23 тохиолдол, өндрөөс унасан 10 тохиолдол, Туул гол орчимд живж нас барсан 11 тохиолдол бүртгэгдсэн. Эцэг эхчүүд, харгалзан дэмжигчид болоод том хүмүүсийн болгоомжгүй байдлаас хүүхэд эрсдэж байгаа нь үнэхээр харамсалтай.

 Сүүлийн өдрүүдэд гол усны түвшин нэмэгдэж байгааг сэрэмжлүүлье. Олон улсын хэмжээнд урин дулааны улиралд хүүхэд осол гэмтэлд өртөх хамгийн эрсдэлтэй  тохиолдол нь гол, усанд живэх явдал гэдгийг тогтоосон. Тиймээс НЦУГ болон Улаанбаатар цагдаагийн хүрээний анги байгууллагуудаас өдөр тутамд 3500 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Туул голын эрэг дагуу морьт, завьт эргүүл хийхийн дээр олон нийтийн болон оюутан цагдаа нарын хүчийг ашиглан ажиллаж байна гэсэн юм.

Түүнчлэн жил бүрийн наадмаар 150 орчим бага насны хүүхэд эцэг эхээсээ төөрдөг байна.  Тиймээс хүүхдийг хамгаалах үүднээс Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд болон хүмүүс олноороо цугладаг газруудад  хүүхэд багачуудад эцэг эхийн утасны дугаар бүхий цаасан бугуйвч зүүлгэх юм.

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР