Түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Баянзүрх дүүрэгт гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалтыг хийхээр төлөвлөж буй юм. Энэ хүрээнд НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд ажиллалаа.
Баянзүрх дүүргийн нутагт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ гүүр тавьж байгаа. Тэрхүү гүүр нь есөн метр урттай бөгөөд Улиастайг Шар хадтай холбож, түгжрэл бууруулахад эерэг нөлөө үзүүлэхээрээ онцлог юм. Эл гүүрнээс гадна Улиастайгаас Шар хадны эцэс хүртэл 4.5 км авто зам тавина. Энэхүү замын үргэлжлэл болгож, Да хүрээ захын араар Цагаан давааны амтай холбосон 1.1 км авто замыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр болоод буй юм.