ХБНГУ-ын экстрим спортын тамирчин Гиидо Кунзе нь Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоох зорилгоор энэ оны наймдугаар сард Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл дугуйгаар аялахаар төлөвлөж буй ажээ. Тамирчны экстрим аялалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр ХБНГУ-ын Шпаркассэ банкны Олон улсын хамтын ажиллагааны сангийн Суурин төлөөлөгч ноён Маркус Лохыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Монгол Улс, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын зүгээс ХБНГУ-ын хэрэгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч цаашид энэхүү харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийг эрмэлзэж байгааг онцлов. Мөн нийслэлийн зүгээс нийгэм, тэр дундаа спортын салбарын хөгжилд ихээхэн анхаарч, гадаадын байгууллагуудтай спортын олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахад өндөр ач холбогдол өгч байгааг өгүүлж байлаа.
Шпаркассэ банкны Олон улсын хамтын ажиллагааны сангийн суурин төлөөлөгч Маркус Лох “Монгол бол өргөн уудам газар нутагтай, үзэсгэлэнтэй орон. Тус аяллыг хийснээр Монгол Улс төдийгүй нийслэл Улаанбаатар хотыг дэлхийд сурталчлах үнэ цэнтэй бүтээл болно. Энэ нь аялал жуулчлалын салбарт нэн чухал. Экстрим спортын аялалын үеэр Германы телевизийн уран бүтээлчид бичлэг хийж, Монголын “Боролдой” студитэй хамтран баримтат кино хийн, олон нийтэд мэдээлж, сурталчилна” гэлээ.
Ташрамд дурдахад Гиидо Кунзе нь сүүлийн арван жилд дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг тогтоосон байна. Тодруулбал, Австралийн баруун хязгаараас зүүн тийш 4200 км замыг хамгийн богино хугацаанд, дэлхийн хамгийн өндөр галт уул болох Чилийн Атакама цөл дэх Ожос де Саладо галт уул хүртэл 6233 метрийн өндөрт гарчээ. Мөн Альпийн нурууг 14 хоногийн дотор 100,000 босоо метрийг туулсан, Хятадын Цагаан хэрэм дээр дугуйгаар хамгийн хол зайг туулсан зэрэг дэлхийн дээд амжилтуудыг эзэмшдэг тамирчин юм байна.Нийслэлийн Засаг даргын орлогч нийслэлийн зүгээс бүх талаар дэмжихээ илэрхийлж, аялалд нь амжилт хүслээ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР