Улсын Дээд шүүхээр “Ковидын үед гадаадаас эх орондоо ирсэн иргэдийг 35 хоног тусгаарласан нь хууль бус болохыг тогтоолгох, иргэнд учирсан хохирлыг барагдуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэлэлцэх болсон талаар өмгөөллийн “Фиделитас Партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Наранцэцэг мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлээд хүний зорчих эрхийг хязгаарлаж, үүний улмаас тусгаарлалтын байранд төлсөн төлбөр нь хохирол учруулсан гэдэг байдлаар маргаан өрнүүлсэн. Давж заалдах шатны шүүхэд анх нэхэмжлэл гаргасан. Давж заалдах шатны шүүхээс 2022 оны тавдугаар сарын 3-ны өдөр шүүхийн шийдвэр гаргасан. Тухайн шийдвэрт дэлхий нийтэд цар тахлын асуудал дэгдэж, хөл хориотой байсан байхад үүний эсрэг Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээг буруутгах аргагүй. 21 хоног тусгаарлана гэж тогтоосныг шүүхээс зөв, буруу гэж шүүх үндэслэл байхгүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаж байгаа. Хөл хорионд орсон 24 мянган иргэний асуудал бий. Тухайн иргэдийн тусгаарлах байранд төлсөн төлбөрийг барагдуулах ёстой талаарх Хүний эрхийн үндэсний комиссын шаардлага гарч байсан. Уг иргэд хууль ёсоор хүчин төгөлдөр болоогүй шийдвэрээр зорчих эрхээ хязгаарлуулсан. УОК-ын шийдвэр нь захиргааны шийдвэр гаргах журам, бүх шаардлагыг зөрчсөн байгаа юм. Гэтэл шүүхээс шийдвэр гаргахад захиргааны байгууллагын дагаж мөрдөх хэм хэмжээ талаас нь дүгнэлт хийгээгүй. Гомдлын дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэх найм дахь удаагийн хурал болох гэж байна. Хариуцагчаар УОК-оос хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон" гэсэн юм. Гарсан зардлын тухайд "21 хоног тусгаарлан ажиглах хугацаанд 1.075.000 төгрөг төлсөн иргэн бий. 15 удаагийн шийдвэрээр тусгаарлан ажиглах хоногийг 3, 7, 10 гэх мэт харилцан адилгүй байдлаар тогтоосон байдаг. Энэ хугацаанд иргэдийн тусгаарлалтын байранд төлж байсан мөнгө нь харилцан адилгүй. УОК-оос гаргасан шийдвэр хүчин төгөлдөр бус, хуульд нийцэхгүй гэдэг нь тогтоогдвол тусгаарлагдаж байсан иргэд маргах боломжтой. Ингэхдээ өөрийн баримтаар нотлогдох зардлаа нэхэмжилж болно" гэдгийг өмгөөлөгч Б.Наранцэцэг онцоллоо.