Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэгвэл МИАТ компани ерөнхий сайдыг болон түүний айлчлалын бүрэлдэхүүнийг Берлин хотод хүргэхийн тулд Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгийг өөрчилж, 300 орчим зорчигчийг хохироосон талаар иргэн цахим хуудастаа бичиж, бухимдлаа илэрхийлжээ.
Иргэн “Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ёс зүйн том алдаа гаргалаа. Урьдчилж мэдэгдэхгүйгээр 200 гаруй хүний нислэгийг хохироолоо” хэмээн бичжээ. Мөн өөр нэг иргэн “МИАТ компани айлчлалын бүрэлдэхүүнийг Берлинд хүргэхийн тулд Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгийг өөрчилж, 300 орчим зорчигчийг цаг хугацаа, эдийн засгийн хувьд хохироолоо. Арай дэндүү дээрэлхэж байна уу даа, энэ засаг төр чинь. 30 хүн буулгахын тулд 300 хүнийг ингэж хорлож болохгүй ээ” хэмээн бичжээ.