Нийслэлээс зуслангийн бүсэд ой, усны сан бүхий газарт олгогдсон газруудыг судалж, хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр шат дараатай ажлууд хийгдэж байна.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуусан ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хандгайт, Шарга морьт орчмын нутаг дэвсгэр дэх зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газруудад зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэдийн газрыг чөлөөлөх, орц гарцыг нээх ажлыг эхлүүлэхээр газар дээр нь шалгалт хийлээ. Ажлын хэсэгт нийслэл, дүүргийн Газрын алба, НАЗХГ, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргийн цагдаагийн хэлтэс, тус нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль орчны хамгаалагч болон бусад холбогдох албаны өргөн бүрэлдэхүүнтэйгээр дээрх газруудад очиж, нөхцөл байдлыг шалгалаа.
Энэ үеэр хэд хэдэн байршлуудыг газар дээр нь шалгалт хийсний үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ойн тухай хууль, Усны тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчин ойн санд газар олголт хийсэн, гэрчилгээ бичигдсэн, ой, мод бут сөөгийг сүйтгэсэн, зөвшөөрөлгүй барьсан хашааны зөрчлүүдийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авах, цаашид бүр цуцлах хүртэл арга хэмжээ авахыг Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн газрын албанд тус тус үүрэг болголоо.
Тэрээр холбогдох албаныханд ажлын хоёр өдрийн дотор зөвшөөрөлгүй хашаа татсан, зөвшөөрөлтэй боловч зуслангийн ой, усны сан бүхий газарт хашаа, хаалт барьсан бүх зөрчлүүдийн нэгдсэн жагсаалтыг гаргаж, иргэд, аж ахуй нэгжүүдэд яаралтай албан мэдэгдэл хүргүүлэх үүрэг даалгавар өглөө.
Мөн энэ үеэр Хандгайтын зуслангийн бүсийн иргэдтэй уулзаж, санал солилцсон бөгөөд иргэдийн зүгээс тэдний ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нэлээдгүй ажлыг санаачлан зохион байгуулж байгаад, мөн Хандгайт зуслан явах чиглэлийн шороон замыг хусч, тэгшлэх ажлыг эхлүүлсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.