УИХ-ын гишүүн Д.Гантулга албан ёсоор гишүүнээсээ чөлөөлөгдөж нөхөн сонгууль болох нь тодоррой болов. Энэ сургаар Хэнтий аймагийн 42-р тойрогт нэр дэвшихээр горилогчид тодорч байна.
Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүний орон, гарсан суудлыг нөхөн сонгууль зохион байгуулах учиртай. Нөхөн сонгууль зохион байгуулахдаа УИХ-аас шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор нөхөн сонгуулийг зарлаж, 30 хоногийн хугацаанд зохион байгуулах хуультай. Гэвч сонгуулийн хуулиар нөхөн сонгуулийг зөвхөн зургаа, аравдугаар саруудад зохион байгуулах ёстой учраас 42р тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сард болохоор болж байна.
Харин тус тойрогт хэн хэн нэр дэвших вэ? Хэн 76 дахь гишүүн болох вэ? гэдэг таамаг улс төрийн хүрээнд төдийгүй нийгэмд асуулт болоод байгаа юм. Тэгвэл гишүүн асан Д.Гантулга асуудалд орсон цагаас буюу өнгөрсөн 2017 оны 10-р сараас эхлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр Хэнтий аймгаар ойр ойрхон эргэлдэж сар шинээр өндөр настнуудад гарын бэлэг хүртэл өгөөд амжсан. Тэгвэл түүнийг Хэнтийд нэр дэвших нь тодорхой гэх байр суурь улс төрийн хүрээнд байгаа ч намынх нь ерөнхий нарийн бичгийн даргын хэлж байгаагаар бол өөрөө нэр дэвшихгүй байлаа ч МАХН-ын дэд дарга С.Ганбаатарыг сойх боломжтой юм байна. Гэхдээ шүүхээс ялтай хугацаа нь дууссан түүний хувьд энэ бол маш том боломж. Хэрвээ Н.Энхбаяр өөрөө нэр дэвшвэл сонгогдохгүй гэх магадлал тун бага байгаа юм.
Тэгвэл Хэнтий аймагт нэр дэвших боломжтой дараагийн хүн бол МАН-ын дарга У.Хүрэлсүх гэж улс төрийн хүрээнийхэн болон намын нөхөд нь үзсэн. Гэвч тэрээр МАН-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаал зэрэг хангалттай олон давхар дээлтэй тул нэр дэвшихүй гэдгээ хэлсэн албан бус мэдээлэл байгаа юм. Энэ мэдээлэл нь баттай биш ч МАН-аас У.Хүрэлсүхийг нэр дэвшихгүй гэсэн сургаар Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба нэр дэвших хүнээр нэрлэгдэж байна.
Харин сөрөг хүчин болох Ардчилсан намаас Хэнтий аймгийн АН-ын дарга асан Ж.Оюунбаатарыг сойх болов уу гэсэн таамаг байна. Түүний хувьд 2012-2016 онд тус аймгийн засаг даргаар ажилласан ч сонгуульд өвдөг шороодсон.
Ямартай ч нөхөн сонгууль болох нь тодорхой болсон цаг дор нэр дэвшихээр горилогчид ч эхнээсээ тодорч эхэлж байна