Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг төлж дууслаа
12 сарын 6, 2022

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Төрийн ордонд болсон хэвлэлийн хуралд оролцож, дараах мэдээллийг өглөө.

-Чингис бондын 1,5 тэрбум ам.долларын өрийг Монгол Улс өнөөдөр төлж дууслаа. Тус бондын үлдэгдэл 136 сая ам.долларыг шилжүүлэх үүргийг Ерөнхий сайд дөнгөж сая Сангийн сайдад өгсөн.

Чингис бондыг 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар босгосон юм. Бондыг төлснөөр энэ бонд түүх болон үлдэв. Эхлээд юунд зарцуулах уу гэсэн шийдвэрээ гаргасны дараа бондоо босгох ёстой юм байна гэсэн сургамжийг бид үүнээс авлаа. Самурай бондыг иенээр авсан. Иений ханш 30 орчим унасан нь бидэнд таатай үе болов.     

2016 онд 378 мянган тонн нүүрс алга болсныг бид 2017 онд шалгаад гаалийнхан ийм ийм дугаартай машинууд удаа дараа хилээр хоосон гарч байна гэдгийг надад мэдээлсэн. Би Сангийн сайдын хувиар тухайн үеийн хууль хяналтын байгууллагад тэдгээр баримтыг шилжүүлсэн юм.

“ЭТТ”-н нүүрс худалдах гэрээнүүдийг нягтлах шаардлагатай. Татвараа төлдөг, төлдөггүй гэх асуудал байна. Мөн төмөр замын тээвэр, хилээр нүүрс бүртгэлгүй гаргасныг ч шалгана. Тэгэхээр нүүрсний хулгай гээд байгаа нь багц асуудал гэдгийг та бүхэн ойлгоорой гэв.