Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг хэлэлцэв
9 сарын 7, 2022

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XV хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын талаар хэлэлцлээ. Танилцуулга мэдээллийг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.  Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 829 тэрбум төгрөгийн 1457 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс 575 тэрбум төгрөгийн 550 төсөл арга хэмжээ нь нийслэлийн төсвөөс санхүүжиж буй юм. Он дамжсан 18.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 183 төсөл байна. Авто замын сангийн хөрөнгөөр 269 арга хэмжээ, улсын төсвийн хөрөнгөөр 193 төсөл, орон нутгийн сангийн хөрөнгөөр 262 төсөл арга хэмжээ хэрэгжиж буй юм.

-Нийслэлийн Засаг даргаас шинээр хийгдэх 767 төсөл арга хэмжээний тендер сонгон шалгаруулах эрхийг нийслэлийн нутгийн захиргааны 37 байгууллагад шилжүүлсэн. Эдгээр ажлуудын 602 ажлын тендер сонгон шалгаруулалт зарлагдаад, ажлын гүйцэтгэл үргэлжилж байна. Сонгон шалгаруулалтыг удаа дараа зарласан зарим нэг ажлууд бий. Нийт 95 ажил дээр 3-14 удаа тендер зарласан тохиолдол гарсан. Оролцогч байхгүй, ирүүлсэн материал нь шаардлага хангахгүйгээс ийнхүү удаа дараа зарлахад хүрсэн. Эдгээрээс 36 ажлын гүйцэтгэгчийн шалгаруулсан, үлдсэн 59-д оролцогч ирээгүй хэвээр байна. 2022 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл дунджаар 63 хувьтай байна. Хөрөнгө оруулалтын ажлуудаас 100 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн дууссан 111, 80-98 хувийн гүйцэтгэлтэй 189, 60-80 хувийн гүйцэтгэлтэй 81, 40-59 хувийн гүйцэтгэлтэй 52, 20-39 хувийн гүйцэтгэлтэй 62, 11-19 хувийн гүйцэтгэлтэй  73, 10 хүртэлх гүйцэтгэлтэй 115 төсөл арга хэмжээ байна. Энэ жилийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил удааширч байгаа нь үндсэн гурван шалтгаантай байна. Тодруулбал, барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалж байна, хил гааль, бараа материалын тээвэрлэлт болоод 2022 оны төсвийн тодотгол хийж, худалдан авах ажиллагааг түр зогсоосонтой холбоотой гэсэн юм. Нийслэлийн хэмжээнд өрнөж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй байлгах үүднээс Dashboard нээн ажиллуулж буйг мөн тодотгосон.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх, зарим бүтээн байгуулалт он дамжаад ч ашиглалтад орохгүй байгааг анхаарах, үнийн өсөлт инфляцаас үүдэлтэй хүндрэлийг давахад аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг хэлж байлаа.

НЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт:

-Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас судалгаа хийж байгаа. Нийслэлийн хэмжээнд инфляц  наймдугаар сарын байдлаар 15.7 хувьтай байна.  Нийлүүлэлтийн гаралтай инфляцын улмаас бараа материалын үнэ 15-90 хувь өссөн гэсэн мэдээлэл байгаа. Үүнтэй холбогдуулан үнийн индекс тооцох түр журам гарсан. Тиймээс компаниуд журмын дагуу үлдэгдэл ажилдаа үнийн индекс тооцуулах боломж бий гэсэн мэдээлэл өглөө.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР