Гэр хорооллын дундах ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо
10 сарын 21, 2022

Асем Вилла хотхоны баруун хойд талд, Туул голын эрэг дагуу 1.3 га талбайг ногоон байгууламж,  авто зогсоол, сүүдрэвч, асар, усан тавцан, гэрэлтүүлэг, шорлогны талбай, ариун цэврийн байгууламж зэргээр тохижуулж байна. Энэ хүрээнд ногоон байгууламжийн 7500 ам метр талбайн тэгшилгээ, хог тээвэрлэлт зэрэг ажил бүрэн дуусжээ. Түүнчлэн хөрсний бүтэц, хөлдөлтийн түвшинг тооцоолон явган хүний 1300 ам метр зам тавьж байгаа аж. Нийт гүйцэтгэл 90 хувьтай байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх ая тухтай орчинг бүрдүүлэх, хог хаягдал, явган хүний болон дугуйн зам гэх мэт нийтийн аж ахуйн ажил орхигдож ирсэн. Тиймээс энэ чиглэлд бодлого гарган ажиллах хэрэгтэй. Арваннэгдүгээр сарын 1-н гэхэд тохижуулсан байршлуудыг Улсын комисст хүлээлгэж өгнө. Тиймээс тохижилтын ажлуудын гүйцэтгэлийг шахаж, шуурхай ажиллах хэрэгтэй байна” гэв.

Мөн Хотын дарга Дугуй цагаан, Асем Вилла, Бага тэнгэрийн ам орчмын амралт, зугаалгын цогцолборын тохижилтоос жишиг авч дүүрэг бүр иргэдэд чөлөөт цагаа өнгөрөөх ая тухтай орчин бүрдүүлэх, гэр хорооллын дундах ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, явган хүний болон дугуйн замыг цогцоор нь шийдэхийг  дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон юм.

Тэрбээр “Нийслэлийн дүүрэг бүрд нөөц бололцоогоо ашиглах, төсөв санхүү, бусад эх үүсвэрийг ашиглах зэргээр тохижилтын ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, олон улсын томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын ногоон байгууламж, тохижилтод хөрөнгө оруулж байна. Энэ ажил цаашдаа үргэлжилнэ. Баянзүрх дүүрэгт олон улсын цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажил 2023 онд эхэлнэ. Тус цэцэрлэгт хүрээлэнг явган хүний болон дугуйн замтай иж бүрэн шийдэх учиртай. ТЭЗҮ нь явган хүний замын, дугуйн замтай хамт гарах ёстой. Харин Баянгол дүүрэгт гэр хорооллын дунд ногоон байгууламжийг тэлэх, хашаа хайсуудыг чөлөөлөх хэрэгтэй” хэмээсэн юм.

Энэ үеэр дүүргүүдийн тохижилтын ажил болон төлөвлөлтийн талаар сонслоо. Тухайлбал, Баянзүрх дүүргээр зүүн тийш хотоос гардаг замд байршдаг олон ТҮЦ-ийн оронд олон улсын стандарт бүхий экстрем спортын талбайг дэд бүтэцтэй нь байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Баянгол дүүрэг улсын төсвөөр 10 байршилд, нийслэлийн төсвөөр 14 байршилд, дүүргийн төсвөөр 31 байршилд тохижилт хийж байгаа бөгөөд нийт гүйцэтгэл 80 хувьтай байна. Мөн Налайх дүүргийн цэцэрлэгт хүрээлэнгийн 70 га газарт тохижилт хийж байгаа бөгөөд Тэрэлж рүү явах замд хоёр га талбайг улсын төсвөөр тохижуулж эхэлсэн гэлээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР