Хотын үйлчилгээний стандартын талаар зөвлөлдөж, санал солилцлоо
11 сарын 23, 2022

Улаанбаатар хотын нэгдсэн стандартын эхний есөн бүлгийн 38 стандартыг хэлэлцэн баталж, өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагууд, дүүргүүдийн ЗДТГ, мэргэжлийн холбоод, худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хотын үйлчилгээний стандартыг танилцуулах, энэхүү стандартыг мөрдөж хэвшүүлэхийн ач холбогдлыг таниулах, санал солилцох салбар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Хотын үйлчилгээний стандартын зөвлөгөөнийг НЗДТГ-ын дарга И.Баатархүү нээж үг хэлэхдээ “Энэ хотод амьдарч буй хүн бүр ая тухтай, аюулгүй, хүртээмжтэй үйлчилгээг авах, ийм үйлчилгээг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх суурь нь энэ стандарт. Үнэ төлбөргүй, бүгдэд нээлттэй, ойлгомжтой энэ стандартыг хэрэгжүүлж, мөрдөхийн тулд бид шат дараатай ажлуудыг хийж, сурталчлан таниулах, санал солилцох зөвлөгөөнийг зохион байгуулж байна” хэмээв. 

Энэ үеэр Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам Улаанбаатар хотод үйлчилгээ явуулахад тавигдах стандартын тогтолцооны талаар  танилцууллаа. Хотод үйл ажиллагаа явуулж буй худалдаа, хоол үйлдвэрлэл, ахуй болон зочлох үйлчилгээний байгууллага болон бусад аж ахуйн нэгжийн гадна орчин, хаягжилт, ногоон байгууламж, шат, ариун цэврийн өрөө зэргийг нэгдсэн байдлаар стандартчилснаар эмх цэгцтэй, цэвэр, тохилог орчин бүрдэхийн зэрэгцээ иргэдэд хүрэх үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, болзошгүй эрсдэл буурна гэдгийг тэрбээр онцолж байлаа. Мөн шинэ, нэгдсэн стандартыг мөрдүүлэх, энэ хэм хэмжээний дагуу бүтээн байгуулалт, засвар үйлчилгээг хийж эхлээд буй талаар С.Төмөрдулам мэдээлэл өгөв. Тухайлбал, замын хөдөлгөөнд оролцож буй автобусуудыг зориулалтаар нь өнгөөр ялгаж байгаа бөгөөд зорчигч тээврийн буюу улаан өнгийн 65 автобусыг үйлчлгээнд нэвтрүүлсэн байна. Түүнчлэн явган хүний 100 км замыг засахдаа шинэ стандартыг мөрдсөн нь иргэдэд аюулгүй, тухтай зорчих боломжийг бүрдүүлжээ.

Зөвлөгөөний үеэр мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг танилцуулснаас гадна үйлчилгээний байгууллагын соёл, хүртээмж, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмж, үйлчилгээний стандартыг хувийн хэвшилд хэрэгжүүлсэн туршлага, нөлөө, үр дүн зэрэг сэдвээр сонирхолтой мэдээллийг хүргэж, хэлэлцүүлэг өрнүүлэн, санал солилцов. Хотын стандартыг олон нийтэд таниулах, мэдээлэл түгээх зорилгоор зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл 300 гаруй хүн оролцсон юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР