Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хүрээ амаржих газрын эрсдэлтэй жирэмсний тасаг, дутуу төрөлтийн тасаг, хүлээн авах тасаг, түргэний тасгууд болон тусгаарлах коридорт их засвар, дотор засал, сантехникийн ажлыг гүйцэтгэж дууслаа. Их засварын ажлын хүрээнд төрөх өрөө, хүлээн авах, эмч ажилтнуудын өрөө болон ариун цэврийн өрөө тасалгаа коридорт хана, тааз, шал, сантехникийн их засвар, дотор засал, тохижилт хийжээ. Мөн жирэмсэн ээжүүдийн тасалгаа, түргэн тусламж, төрөх тасагт тус бүр холбогдох төхөөрөмж суурилуулан ашиглаж эхлээд байна.
Хүрээ амаржих газар нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд барилгад нь хэсэгчилсэн засварууд орж байсан ч иж бүрэн капитал засвар хийж байгаагүй юм. Иймд уг их засварыг хийж гүйцэтгэснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлэх боломж бүрдэн, эмнэлгийн эмч, ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирч буй юм.
Их засварыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Гарден сити” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийг хэрэгжүүлэн ажиллалаа.