Есдүгээр сарын 25-ны ням гарагт “Автомашингүй өдөр-2022” болно
9 сарын 22, 2022

Энэ жил автомашингүй өдрийг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриатайгаар есдүгээр сарын 25-ны ням гаригт зохион байгуулна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын төв хэсгийн зам, томоохон зах, худалдааны төвийг 07.00-18.00 цагийн хооронд түр хугацаагаар хаах юм. Тус өдрийн зохион байгуулалтын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

АВТОМАШИНГҮЙ ӨДРӨӨР УРЛАГ, СПОРТЫН ОЛОН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө дараах мэдээллийг өгөв. Тэрбээр “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг 2009 оноос хойш тэмдэглэж буй. Өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас автомашингүй өдрийг зохион байгуулаагүй бол энэ жил ийнхүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөлөө.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр чуулганы “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, автомашинаас бусад сонголтыг иргэдэд олгох уриан дор дэлхийн хотууд жил бүрийн есдүгээр сарын 22-ныг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Бидний хувьд тус өдрийг амралтын өдөр буюу энэ ням гараг зохион байгуулахаар сонгосон. Автомашингүй өдрөөр Сүхбаатарын талбайд иргэдэд зориулсан урлаг, спортын арга хэмжээнүүд, сонгодог дуурийн тоглолт болохоос гадна нийслэлийн нийгмийн салбарын үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулах юм. Мөн дүүргүүд төв талбайд асар засаж, хөтөлбөртэй арга хэмжээг зохион байгуулна” гэв. 

АВТОМАШИНГҮЙ ӨДӨРТ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА

Тус өдрийн ач холбогдлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэлэхдээ:

-Олон улсын автомашингүй өдөр нь агаарын бохирдолтой тэмцэх, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэхэд иргэдийг уриалсан гол арга хэмжээ юм. 2019 онд хийсэн судалгаагаар 15-69 насны хүн амын 65 хувь нь илүүдэл жинтэй гэсэн дүн гарсан. Тэдгээрийн 49.4 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь нь хэт таргалалттай байна. Илүүдэл жингээс сэргийлэх гол арга зам бол алхалт, хөдөлгөөн. Иймд автомашингүй өдрөөр хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, амьдралын идэвх сайжрахад чиглэсэн уриалгыг эрүүл мэндийн байгууллагууд дэлхийн хотуудад зөвлөдөг. НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 25 хувиар, зам тээврийн ослоос шалтгаалсан нас баралтыг 50 хувиар тус тус бууруулах зорилт дэвшүүлэн, осол, гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулахыг улс орнуудад зөвлөж байгаа. Тиймээс автомашингүй өдөрт идэвхтэй оролцохыг иргэдэд уриалж байна.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 375 АЛБА ХААГЧ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА

Автомашингүй өдрийн замын хөдөлгөөний хязгаарлалт болон бусад мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат өглөө. Тэрбээр:

-Автомашингүй өдөр арга хэмжээний хүрээнд өглөөний 07:00-18:00 цаг хүртэл тодорхой бүсийн замын хөдөлгөөнийг түр хаана. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 375 алба хаагч, 300 гаруй цэгт хяналт тавьж ажиллана. МУИС-иас зохион байгуулж буй 15 км-ийн гүйлтийн хүрээнд цагдаагийн байгууллагаас 150 орчим алба хаагч хэвийн, аюулгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлж, явган, мотоциклтой эргүүлүүд гарна. Автомашингүй өдрөөр нийслэлийн хэвтээ чиглэлийн гол зам болох Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замууд буюу Сөүл, Бээжин, Анкара, Сүхбаатар, Их сургууль, Элчин, Хөх тэнгэр, Партизан, Олимп, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Тодруулбал, Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл, мөн Гэсэр сүмээс Зоос гоёл хүртэл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Хятадын Элчин сайдын яам, Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаана.

Иргэд замын хяналтын цэг буюу хаалт тавьсан хэсгүүдэд автомашинаа байршуулж явганаар хөдөлгөөнд оролцох нь их. Эдгээр цэгүүдэд бусдын хөдөлгөөнд саад учруулж, автомашинаа тавихгүй байхыг анхааруулж байна. 18:00 цагт хөдөлгөөнийг нээх үед тухайн автомашиныг холдуулах арга хэмжээ авах асуудал их гардаг. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнтэй оролцуулахад анхаарах шаардлагатай. Түүнчлэн эцэг эхчүүдэд анхааруулахад цахилгаан дугуйтай насанд хүрээгүй хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хэрэгтэй. Цахилгаан дугуй нь эрхзүйн хувьд замын хөдөлгөөнд оролцох боломжгүй, харин тусгай спортын талбай, ууланд зориулалтаар ашиглах учиртай юм. Мөн манай улсын техникийн шаардлагад нийцдэггүй” гэв.

Уг арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллага бусад байгууллагатай хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сурталчилгаа, дугуйн парад, АХА тэмцээн зэргийг зохион байгуулах аж.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГҮЙЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Автомашингүй өдрийн хүрээнд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах үйл ажиллагаа, гүйлт, парадын талаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд мэдээлэл өгөв. Тэрбээр хэлэхдээ:

-Автомашингүй өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд “Спортлог Улаанбаатар” үйл ажиллагааг зохион байгуулна. Нийслэлийн есөн дүүргийн биеийн тамир, спортын хороод, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран нийслэл, дүүргээс 10 спортын төрлөөр 20 тэмцээн зохион байгуулж, дүүргүүдийн асарт сурталчилгаа явуулах юм. Түүнчлэн секц, дугуйлан, фитнес клуб, усан бассейны бүртгэл явуулж, оролцогч иргэдийн дунд фитнес клуб, усан бассейны эрхийн бичиг хожих сугалаа зохион байгуулна. Мөн 08:00 цагаас төв талбайгаас 5 км-ийн эрүүл мэндийн гүйлтийн гараа гарна.  Тус гүйлтэд 5000 төгрөгийн хураамж төлж, бүртгүүлэх боломжтой. Гүйлтийн хураамжийн орлогыг МУИС-д сурч байгаа хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад тэтгэлэг болгож олгох юм. Гүйлтэд “Hipay” аппликейшн болон сайтаар бүртгүүлэх боломжтой ба бүртгэл есдүгээр сарын 24-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Мөн есдүгээр сарын 25-ны 15:00-17:00 цагийн хооронд 15 км зайд дугуйн парад явна. МУИС-ийн нэгдүгээр байрны үүдэнд Дугуйн парадад оролцогчдыг бүртгэж, 14 наснаас дээш иргэдийг хамруулах юм. Маршрутын хувьд МУИС-ийн нэгдүгээр байрнаас “Бөмбөгөр” худалдааны төв, “И-Март” Чингис салбар, Бөхийн өргөө, МУИС-ийн нэгдүгээр байр гэх чиглэлээр гүйнэ. Дугуйн парадад цахилгаан дугуй, скүүтертэй иргэдийг оролцуулахыг хориглосон байгаа” хэмээв.

"Автомашингүй өдөр-2022" замын хөдөлгөөн хаасан бүсэд тавьсан автомашиныг 77078200 дугаарт холбогдон ойр байрлах зогсоолд үнэ төлбөргүй шилжүүлэх боломжтой.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР