Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран зохион байгуулж буй "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийлээ. Жил бүрийн намар зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн яармагт энэ жил Бүгд Найрамдах Беларус Улс, Малайз, Тайвань, Оросын Холбооны Улсаас 70 гаруй компани, аж ахуй нэгж, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсрол болон тээвэр логистик, мод бэлтгэл, банк санхүүгийн салбарын бүтээгдэхүүнийг дэлгэн оролцож байна.
МОНГОЛД ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ ЦЭГ БИЙ БОЛГОХЫГ ЗОРЬЖ БАЙНА
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “"Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг энэ жилийн хувьд өргөн хүрээнд зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн хоёр жилд цахимаар явагдсан бол энэ жилийн хувьд Беларус Улс, Малайз, Тайвань, Оросын Холбооны Улсын компаниуд оролцож, үзэсгэлэнд бараа бүтээгдэхүүнээ дэлгэхийн дээр туршлага солилцож байгаагаараа онцлог. Монголын 30 гаруй үйлдвэрлэгч компаниуд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ оролцогч улс орны үйлдвэрлэгчдэд танилцуулж байна. Монголын аж ахуйн нэгжүүд маань олон улсын туршлагатай компаниудтай хамтран ажиллах, бүтээгдэхүүнээ экспортлох, гаднаас чанартай бүтээгдэхүүн импортлон оруулж ирэх гэхчлэн өргөн боломжоор хангагдаж буй юм. Улаанбаатар хот бол худалдаа үйлдвэрлэлийн салбарын 70 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг. Тиймээс энэхүү үзэсгэлэн яармагт ихээхэн ач холбогдол өгч МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Нийслэлчүүд маань энэхүү олон улсын үзэсгэлэн яармагт өргөнөөр оролцохыг хүсье” гэлээ.
Харин МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Энэхүү үзэсгэлэн худалдаа олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг тул улс улсын бизнес эрхлэгч нар хоорондоо түншлэх, танилцах, бие биеэсээ суралцах боломж бүрдэж байна. Хамгийн гол нь Монголд худалдаа үйлчилгээний төв цэг бий болгох, бараа бүтээгдэхүүнийг Монголоор дамжуулж экспортолдог болгох нь бидний гол зорилго. Үзэсгэлэнгийн үеэр Малайзын Жижиг, дунд үйлдвэрүүдийн холбоотой санамж бичиг байгууллаа. Ингэснээр хоёр улсын хооронд худалдаа, үйлчилгээг харилцах борлуулах, ялангуяа Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Малайзын зах зээл дээр борлуулах боломж, цаашид сүлжээгээр хангах асуудлыг санамж бичигт тусгалаа” гэсэн юм.
МОНГОЛЫН КОМПАНИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ, ЭКСПОРТЫН ГЭРЭЭ ХЭЛЦЭЛ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭВ
47 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй уг үзэсгэлэн яармаг есдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ. Үзэсгэлэнд оролцогч компанийн төлөөлөл сэтгэгдлээ хуваалцсанаас хүргэе.
“Миний ээж” ХХК-ийн захирал Б.Даваасүрэн:
-"Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэнд анх удаа орж байна. Намайг “Органик Монгол” компаниас урьж үзэсгэлэнд оруулж байгаа. Өргөн дэлгэр худалдаа болдог юм байна. Миний хувьд 14 жилийн турш чацарганаа тариад, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг ч үзэсгэлэн, худалдаануудаас хоцроод байсан. “Органик Монгол” компаниас санал ирэхэд би маш их баярласан. Анхны өдөр гэхэд гүйлгээ сайн байлаа. Бусад улс орны зарим бараатай танилцлаа. Гурван өдрийн турш үзэсгэлэн дэлгэх болохоор бүгдтэй нь танилцаж амжих байх. Хүмүүсийг ч гэсэн энд ирээд боломжоос суралцаасай гэж хүсэж байна.
ОХУ-ын Тюмень хотоос ирсэн бизнесмен Владимир Бакур:
-Би хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, тэр дундаа бороожуулагч, шингэн бордоо цацагч төхөөрөмж үйлдвэрлэгч компанийн ажилтан байна. Манай компани 25 жилийн туршлагатай. Тоног төхөөрөмжөөс гадна хөдөө аж ахуйн зориулалтын хуванцар сав үйлдвэрлэдэг. Бид ОХУ, Казакстанд болсон олон улсын үзэсгэлэнд байнга оролцдог. Харин Монголд анх удаа оролцож байна. Хөдөө аж ахуйн чиглэлийн компаниудтай хамтран ажиллах болон экспортын гэрээ хэлцэл байгуулах байх гэсэн хүлээлттэйгээр ирсэн.
“Only one” брэндийн Т.Энхтөр:
-Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцсоноор найдвартай, албан ёсны сувгаар харилцаа холбоо тогтоох, харилцан туршлага солилцох, хамтарч ажиллах боломж нээгдэж, суурь тавигдах учир бид "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэнд оролцож байна. Үзэсгэлэнд Малайз, Тайванийн компаниуд урьд өмнөх үзэсгэлэнд оролцсон туршлагатай. Тэдгээр компаниуд Монголын зах зээлийн судалгааг хийж, дутуу дулимаг байгааг нөхөх байдлаар бараа бүтээгдэхүүн нийлүүлж буй юм. Мөн манайхаас өөрийн улсын зах зээл дэх дутууг нөхөх судалгааг ч хийдэг. Энэ утгаараа харилцан түншлэлийн боломж гэж харж болох юм. Бүх цаг үед өгөөжөө өгсөн өндөр өгөөжтэй үзэсгэлэн гэж тодотгомоор байна.
Үзэсгэлэн худалдааны үеэр тусгайлан зассан уулзалтын цэгт Монгол Улсыг зорин ирж буй гадаадын байгууллагуудтай бизнес уулзалт хийх, хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг зохион байгуулагчдын зүгээс олгож буй юм. "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн “Мишээл экспо” төвд есдүгээр сарын 25-ыг дуустал үргэлжилнэ.