Сөүлийн гудамж болон төглийг тохижуулах талаар санал солилцлоо
9 сарын 29, 2022

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү өнөөдөр БНСУ-ын Сөүл хотын Дунбү цэцэрлэгт хүрээлэнгийн Чөлөөт цаг өнгөрөөх төвийн захирал Ким Ин Сүг, БНСУ-ын Сөүл хотын захиргааны Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Чой Жон Сун нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Сөүлийн гудамж болон Сөүлийн төглийн тохижилт, засвар болон цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов.

Сөүлийн гудамж нь Улсын драмын эрдмийн театраас Төмөр замын удирдах газар хүртэл 2.9 км үргэлжилдэг. 1996 онд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Ах дүү хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болгон Сөүл хотын нэрээр уг гудамжийг нэрлэх болсон. Харин Улаанбаатар болон Сөүл хот хоорондын 2009 оны “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд Сөүлийн төглийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан юм.

Уулзалтын эхэнд НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, уулзалт хийж буй та бүхэнд талархал илэрхийлье. Улаанбаатар, Сөүл хот хооронд 1995 онд Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосноос хойш хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа боловсрол, эдийн засаг, соёл урлаг, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт өргөжин, хөгжиж ирсэн. Аливаа хот иргэдэд чөлөөт цагаа өнгөрөөх эко, ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлд ихээхэн анхаарч ажилладаг. Улаанбаатар хот ч мөн энэ чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа энэ цаг үед хүрэлцэн ирж, Сөүлийн гудамж болон Сөүлийн төглийн тохижилтод анхаарал хандуулан, хамтран ажиллаж байгаад талархаж байна” хэмээлээ.

Харин БНСУ-ын Сөүл хотын Дунбү цэцэрлэгт хүрээлэнгийн Чөлөөт цаг өнгөрөөх төвийн захирал Ким Ин Сүг “Сөүлийн гудамж болон төглийг тохижуулахад анхаарал хандуулж буйд баярлалаа. Бидний зүгээс тус газруудад эх, хүүхэд салхилах тухтай орчин бүрдүүлж, ахмад настнууд дасгал хөдөлгөөн хийх талбай байгуулна. Харин Улаанбаатар хотын зүгээс ногоон байгууламжийг нэмэгдүүлж, модод тарьж өгөхийг хүсэж байна. Мөн цаашдаа байнга хамтран ажиллаж, санал солилцоход таатай байх болно” гэсэн юм.

Нийслэлийн зүгээс уг хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сөүлийн гудамж болон Сөүлийн төгөлд мод тарин, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ гэдгээ илэрхийллээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР