Хан-Уул дүүргийн нээлттэй бямба гараг өнгөрсөн амралтын өдрөөр алсын хороодод үргэлжилж, 14 дүгээр хорооны ИТХ-ын төлөөлөгчид хороонд хэрэгжсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлаа товч танилцууллаа.
ИТХ-ын төлөөлөгч Н.Наранцацралт: “ХУД-ийн 14-р хороо буюу Өлзийт хороололд нь мал аж ахуй, газар тариалан эрхлэгч иргэд дийлэнх хувийг эзэлдэг. Ялангуяа өрхийн орлогоо мал аж ахуй, газар тариалан эрхэлж, бүрдүүлдэг айл өрхүүд их байдаг. Тэр хэмжээгээр худаг, усны бэрхшээл иргэдийн дунд түгээмэл тулгардаг юм. Иймд дүүргийн 2022 оны төсвөөр тус хороонд шинээр хоёр гүний худаг барьж, иргэддээ хүлээлгэн өгсөн. бөгөөд нийт таван гүний худагт ухаалаг төхөөрөмж суурилуулж, цахимжуулсан.
Тухайлбал иргэд 24 цагийн турш үйлчлэх боломжтой бөгөөд цагийн хязгаарлалтгүйгээр хүссэн үедээ үйлчлүүлж болно. Мөнгө гар дамжуулах шаардлагагүй, цахим худгийн картаа цэнэглээд усаа авах боломжтой боловсон хэрэглээг нэвтрүүлсэн.
Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн эзэмшлийн гудамж, талбайг үе шаттай тохижуулж, хорооны гадна талбайд хүүхдийн тоглоомын талбайн иж бүрэн тохижилт хийж, тус талбайд утасгүй интернэт үйлчилгээг нэвтрүүлж, иргэд үнэ төлбөргүй интернэт үйлчилгээ авах боломжтой болсон.
Тун удахгүй оны дараа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар манай хороонд “Цомцог гэр цэцэрлэг” ашиглалтад орж, 14 дүгээр хорооны цэцэрлэгийн насны бүх хүүхдүүд 100% сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдана” гэв.