Монголын Хуульчдын холбооноос нийгэм, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн хууль зүйн зохицуулалтыг мэргэжлийн түвшинд хэлэлцүүлж, санал, зөвлөмж гаргах, хуульчдын дуу хоолойг нийгэм болон бодлого тодорхойлогчдод хүргэх, хуульчдын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилготойгоор “Хуульчдын форум”-ыг зохион байгуулдаг билээ. Энэхүү форум энэ сарын 19-ны өдөр буюу маргааш Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хуульчдын оролцоо” уриан дор “Корпорейт конвеншн центр”-т зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн форумын үндсэн хуралдааныг “Үндсэн хуулийн эрх зүй ба цаашдын чиг хандлага” гэсэн сэдвээр явуулах бөгөөд “Хараат бус шүүх ба хууль дээдлэх ёс”, “Хуульчийн ёс зүй ба хариуцлага”, “Хүний эрх ба цахим ертөнц”, “Хариуцлагатай уул уурхай - Нөхөн сэргээх асуудал”зэрэг найман салбар хуралдааныг зохион байгуулна.
Монголын Хуульчдын холбоо хараат бус, шударга шүүхтэй, ёс зүй, хариуцлага өндөр хуульчидтай, эрхээ бүрэн дүүрэн эдэлдэг, чинээлэг дундаж амьдралтай иргэдтэй, хүний эрх болон байгаль орчны тэнцэлд нийцсэн эдийн засгийн болон тогтвортой хөгжил зэрэг сэдвүүдийг сонгон хэлэлцэж, тодорхой гарц шийдлийг эрэлхийлж буй юм.
Форумд хууль зүйн салбарт нэр хүндтэй, тухайн чиглэлээрээ мэргэшсэн хуульч, шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчдын төлөөлөл болсон 400 орчим хүмүүс оролцоно.
Форумын үеэр шинэ гарсан болон сонирхолтой номын худалдаа зохион байгуулахын зэрэгцээ Монголын Хуульчдын холбооны хороод, Тамгын газрын мэргэжилтнүүд ажиллаж, хуульчдад татвар, нэгдсэн бүртгэлийн талаар лавлагаа, мэдээлэл өгч үйлчлэх юм.