Улаанбаатар хотыг баруун зүгт тэлж хөгжүүлэх энэхүү төсөл нийтдээ 10 мянга гаруй га талбайг эзлэх бөгөөд нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийг дамнан хэрэгжих юм. Нийслэл хотын барилгажсан талбар 1990 га орчим талбайг эзэлдэг учраас нягтрал, түгжрэл их байдаг. Тиймээс ч “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийг хэрэгжүүлэх нь ач холбогдол өндөртэйг холбогдох мэргэжилтнүүд тодотгож байна. Төсөл хэрэгжүүлэх талбарт хөнгөн хийцтэй барилга байгууламж, үйлдвэрүүд оршдог юм.
Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаныхан өчигдөр дээрх төслийн хүрээнд байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн газарт ажилласнаас гадна Драгоны уулзвараас Нүхтийн уулзвар хүртэл барих босоо тэнхлэгийн замын трасстай танилцлаа. Мөн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Нийслэлийн дүүрэг бүрд бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж, ард иргэдийн ая тухыг хангасан цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрбум мод тарих хөдөлгөөнийг НҮБ-ын чуулган дээр зарласан. Үндэсний хэмжээний энэхүү бодлогын шийдлийн хүрээнд ногоон байгууламжийг цогц байдлаар шийднэ. Зөвхөн энэ талбарт гэхэд эхний ээлжид 30 га, дараа нь 70 га, нийтдээ 100 орчим га талбайд ногоон байгууламж бүхий Ард түмний цэцэрлэгт хүрээлэнг байгуулах юм. Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн иргэд чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх боломжийг олгоно. “Эртэч Монгол” хөдөлгөөний хэрэгжилтэд ч нөлөөлөх цэцэрлэгт хүрээлэнг бий болгохоор санаачилга гараад байгааг дурдах нь зүйтэй болов уу. Ногоон байгууламжийн мэргэжилтэн, дендрелогич нар хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд гар бие оролцох санал гаргаж байгаад талархаж байгаагийн сацуу цаашид ч хувийн хэвшлийнхний санаачилга нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтыг хот бодлогын хэмжээнд бүрэн дүүрэн дэмжиж байгааг хэлье. Улаанбаатар хотын ирээдүй гэрэл гэгээтэй байна гэдэгт итгэлтэй байна. “Улаанбаатар хотыг 2050 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г удахгүй Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлнэ. Хотын дараагийн 30 жилийн төлөвлөгөөний алдаа, оноог хэлэлцүүлж батлуулах их ажил биднийг хүлээж байна.
Нийслэлийн баруун бүс болох Яармаг, Нисэх, Сонсголон, Гурвалжингийн гүүрнээс баруун тийш Өнөр бүс, Өнөр хорооллын арын дэнж, 22-ын товчооноос эргээд Сонгинохайрхан уулын бэлийг багтаасан 10 мянга гаруй га талбарт нийт 800 мянгаас нэг сая хүн амьдран суух хотын төлөвлөлтийг хийсэн. Энэхүү хотод хонгилын системийг байгуулахаас аргагүй. Урин дулааны улирал ирэхээр шугам сүлжээ засварлах гэж халуун ус тасаллаа, барьж байгуулсан замаа сэтэллээ хэмээн шүүмжилдэг. Тиймээс ирэх 30 жилийн төлөвлөлтийг шинжлэх ухаанч байдлаар төлөвлөж байгаа. Өнөөдрийн хувьд бид тэрхүү шинэ хотын тохижилтын хамгийн түрүүнд хийгдэх босоо чиглэлийн авто замын трассыг үзэж байна. Түгжрэл бууруулж, төвлөрөл сааруулахад онцгой нөлөөтэй энэхүү зам бол хөгжлийн зам байх юм. Яармаг орчмын түгжрэлийг бууруулахын дээр автобусны том терминал байгуулахад дөхөм болох зам. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад хувийн хэвшлийг дэмжиж, өргөн хүрээгээр оролцуулах бодлогыг бид барьж байна. Энэ бодлогод ч нийцсэн нэгэн сайхан бүтээн байгуулалтыг хийнэ гэдэгт итгэлтэй байгаа гэлээ.