“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын спортын төрөлд E-Sport орно
12 сарын 19, 2022

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх оны наймдугаар сард “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам болно. Тус наадмын спортын 11 төрөлд электрон спорт буюу E-Sport орохоор болсон. Зүүн Азийн залуучуудын наадамд анх удаа E-Sport орж буй энэхүү үйл явдлын хүрээнд “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хороо болон Азийн Электрон спортын хороо хамтын ажиллагааны Санамж бичиг өнөөдөр байгууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч бөгөөд Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооны дэд дарга З.Төмөртөмөө “Хүн амын 70 орчим хувийг 45 хүртэлх насны хүмүүс эзэлдэг тул Улаанбаатар бол залуучуудын хот. Зүүн Азийн залуучуудын наадам нь Монгол Улсад зохион байгуулж буй залуучуудын анхны томоохон наадам учраас Засгийн газар болон нийслэлийн түвшинд онцгой анхааран бэлтгэж байна. Хотын удирдлагууд залуучуудаа дэмжих зорилгоор тэдний хүсэл, сонирхолд тулгуурлан энэ удаагийн наадамд E-Sport-ыг оруулсан. Спортын уг төрлийг зөв талаас нь хөгжүүлэхэд мэргэжлийн түвшинд санал солилцож, хамтран ажиллахыг нийслэлийн зүгээс хүсэж байна” хэмээсэн юм.

Азийн Электрон спортын хорооны гүйцэтгэх захирал Себастиан Лау залуучуудын хувьд E-Sport-ын хөгжил маш чухал гэдгийг цохон тэмдэглэж, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын дараа залууст E-Sport-ын боловсрол олгох, эцэг эхчүүдэд E-Sport-ын талаар зөв ойлголт, зохистой мэдээлэл өгөх төсөл, хөтөлбөр зохион байгуулна гэдгээ хэллээ.