Г.ЗАНДАНШАТАР: Шинэ технологи нэвтрүүлэх, дээд сортын хүнсний ногоог Монгол Улсын хөрсөнд нутагшуулахыг дэмжинэ
2 сарын 28, 2023

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.02.27) Мора” төрийн бус байгууллагын тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд “Мора” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Нарантуяа Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо буюу “Мора” ТББ-ын дэргэд холбооны гишүүд нэгдэн хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр “Мора агропарк” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа танилцуулав. Тэрбээр уг төсөл нь кластерын системээр хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчидтэй нэгдэн ажиллаж, Япон Улсын дэвшилтэт технологи нутагшуулан, талбайн үр ашгийг нэмэгдүүлэх боломж, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, дотоодын болон экспортын хүнсний үйлдвэрлийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Энэ хүрээнд найман төрлийн хүнсний нарийн ногоо, жимс, жимсгэнэ болон органик тариалалтыг дэмжих бордооны судалгааг эхлүүлэн, үр болон бордооны технологийг Япон Улсаас сонгож, хүнсний ногооны хоёр төрлийг Монгол Улсын хөрсөнд нутагшуулах ирээдүйтэй сортоор батлагдсан болохыг танилцуулав. Мөн өвлийн хүлэмжийн ашиглалтыг нэмэгдүүлэх, жимс, ногооны өртөг бууруулах судалгааг эхлүүлээд байна гэв.

Мора” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Оки Тошихару Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд “Мора” төрийн бус байгууллагатай хамтран Монгол Улсад ургуулсан хүнсний бүтээгдэхүүнийг Япон Улсад экспортлох сонирхолтой байгаагаа танилцуулав.

 

Үргэлжлүүлэн ноён Ёкозүми Ёшиюки “Мора” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнээр гурав дахь жилдээ ажиллаж байна гээд Япон Улсын хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй нэгэн шинэ төсөл бол ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг газар тариалан, хүнсний үйлдвэрлэлд оролцуулах юм. Ингэснээр хүүхэд багачуудыг багаас нь ажилд сургах, байгаль орчинд ээлтэй хандах хандлагыг төлөвшүүлэх зорилготой. Мөн Монгол Улсад хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, органик бүтээгдэхүүнийг Япон Улсад экспортлох зорилготойгоо танилцуулав.

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад шинэ технологи нэвтрүүлэх, туршилт хийх санаачлага гарган ажиллаж байгаад талархал илэрхийлээд дээд сортын хүнсний ногооны үрийг Монгол Улсын хөрсөнд нутагшуулах ажлыг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр, органик хүнсний ногоо тариалах, хүнсний хангамжийг сайжруулах, улмаар экспортлогч орон болох нь манай улсын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг дурдав. Мөн өргөн уудам нутагтай манай улсад газар тариалангийн асар их боломж байгааг дурдав. Иймд хамтын ажиллагааны талаарх судалгаа, хүсэлтээ бичгээр ирүүлэхийг хүсээд холбогдох төрийн байгууллагад уламжлахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.