2.8-аас дээш голчтой 1-р курсын оюутнуудыг “Оюутан цэрэг”-т бүртгэнэ
3 сарын 3, 2023

“Оюутан цэрэг”-ийн бүртгэлийн талаар БХЯ, ЦХХХЯ, БШУЯ-наас мэдээлэл хийлээ.


2023 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэлийг цахим хэлбэрээр гуравдугаар сарын 6-10-ны хооронд үргэлжлэх аж. Гуравдугаар сарын 10-нд бүртгэл хаагдах бөгөөд 14-нөөс шалгуур хангасан оюутнууд харьяа дүүргийн цэргийн штаб дээр өөрийн биеэр очиж бүртгэлээ баталгаажуулах юм байна. Эрүүл мэндийн үзлэгийг гуравдугаар сарын 20-ноос зохион байгуулах юм.


“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах шаардлага:

1. Улаанбаатар хотод их дээд сургуулийн I дамжааны оюутан байх

2.Сурлагын голч дүн 2.8-аас дээш

3. 2023 оны зургадугаар сарын 15-ны өдрөөр 18 нас хүрсэн байх

4. Эрүүл мэндийн шаардлага хангасан байх


Дээр шаардлага хангасан хүмүүс eMongolia системээр “Оюутан цэрэг” хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой.


Батлан хамгаалах яамны Стратег бодлого төлөвлөлтийн газрын Дайчилгааны бодлого хариуцсан ахлах шинжээч хурандаа С.Рагчаадорж: Эрүүл мэндээр тэмцсэн оюутнууд биеийн тамирын шалгалт мөн өгнө. Гурван шатны шалгаруулалт хангасан хүүхэд “Оюутан цэрэг” сургалтын онолын сургалтад орох эрхээ олж авна гэсэн үг. Онолын сургалт хоёр сарын хугацаатай хагас, бүтэн сайн өдрүүдэд явагдана. Онолын сургалтыг хангасан хүүхдүүд зургадугаар сарын 15-аас хээрийн дадлага сургалтад хоёр сарын хугацаанд гардаг. Дадлага сургалтаа дууссан хүүхдүүд тангаргаа өргөөд, цэргийн I зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэж авдаг байгаа. Нэг оюутанд 1.5 сая төгрөгийн төсөв оногддог. Энэ жил 200 гаруй сая төгрөгийн төсөв баталсан учраас 200 гаруй хүүхдийг бүртгэнэ гэж тооцоолж байгаа. Анх 1000 гаруй хүүхдийг "Оюутан цэрэг хөтөлбөрт хамруулж байсан бол жил ирэх бүр төсөв бага батлагдаж байна. Тиймээс Батлан хамгаалах яам төсөвтөө тааруулж бүртгэнэ.


Монгол Улсад 69 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас Улаанбаатар хотод 64 сургууль байна. Энэ хичээлийн жилд I дамжаанд суралцаж байгаа 22579 оюутан байгаа бөгөөд 8247 оюутан байна.