Монгол
Улсын түүхэнд 1968 онд олимпийн наадмаас анхны медаль хүртсэнээс хойш энэ онд
50 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ ойн арга хэмжээний хүрээнд олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдын
хөргөөр зоосон мөнгө хийх, цуврал маркийг худалдаанд гаргахаар болжээ. Мөн олимп,
дэлхийн аваргын медальтнууд болон дасгалжуулагч багш нарын тухай ном хэвлэх,
олимпийн аваргуудын хувцас сэлтийг Үндэсний түүхийн музейд тавьж, гадаад,
дотоодын жуулчдад сурталчлах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
Энэ тухайгаа
“Олимпийн медальтнуудын холбоо”-ноос БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд
Г.Ганбаяр, сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат тэргүүтэй яамны удирдлагууд болон олимпийн
наадмаас медаль хүртсэн үе үеийн тамирчдыг хүлээн авч уулзахдаа танилцуулсан
юм. Салбарын сайд Ц.Цогзолмаа тэдний
саналыг бүрэн дүүрэн дэмжсэн.
Уулзалтад
1968 оны олимпийн наадмын анхны хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин
Ч.Дамдиншарав,1968 оны олимпийн наадмын анхны хүрэл медальт, Ардын багш,
гавьяат тамирчин Д.Сэрээтэр, 1988 оны олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин
Н.Энхбат. Мөн 2008 оны олимпийн наадмын алтан медальт, Хөдөлмөрийн баатар,
гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, 2008 оны олимпийн наадмын мөнгөн медальт,
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, 2016 оны олимпийн наадмын
хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай зэрэг тамирчид оролцсон юм.
Дэлхийн түүхэнд Их Британичууд олимпийн аваргууд, шагналтнууддаа зориулан марк гаргаж, 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ олимпийн аваргууд, шагналтнууддаа зориулсан зоос гаргаж байсан түүхтэй.