Онцгой байдлын газрын алба хаагчид Сүхбаатар, Баянхонгор аймагт төөрсөн, сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тодруулбал, Сүхбаатар аймаг, Халзан сум нутагт малчин Г энэ сарын 14-ний өдрийн 04:00 цагийн орчим малчин Б-ын гэрээс согтуугаар явганаар гараад сураггүй болсон байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, эрэлч нохой, Халзан сумын Засаг даргын Тамгын газрын 21 ажилтан, 3 автомашин, ар гэрийн 4 иргэн, 1 автомашин, нийт 31 хүн, 1 эрэлч нохой, 5 автомашинтайгаар ажиллагааг энэ сарын 15-ны өдрийн 07:00 цагаас 19:00 цаг хүртэл тус сумын төвөөс урд зүгт “Дөрвөлжийн хөндий”, “Алтат”, “Хувилгааны-Өвөлжөө”, “Энгэрийн хөв” гэдэг газар, сумын төвөөс зүүн зүгт “Шандын хоолой”, “Хатавчийн хавцал”, “Шинэ худгийн хөндий”, “Цэг” гэдэг газар хүртэл нийт 180 км зайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнгүй байсан тул дахин ажиллагааг энэ сарын 16-ны өдрийн 08:00 цагаас дахин эхлүүлэн эрэн хайж байна.
Мөн Баянхонгор аймаг, Жаргалант сумын нутагт иргэн Б нь энэ сарын 15-ны өдрийн 18:30 цагийн орчим малчин Б-гын гэрээс явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 15-ны өдрийн 23:40 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тус сумын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад А-аар ахлуулсан алба хаагчид, мэргэжлийн ангийн 2 ажилтан, ар гэрийн 5 иргэн, нийт 12 хүн иргэн Б /16 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г энэ сарын 16-ны өдрийн 00:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.