Тагнуулын ерөнхий газраас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганыг яллагдагчаар татаж, өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа байцаалт авсан байдаг. Түүнийг нөхрийнхөө амь насыг хөнөөхөд оролцсон байж болзошгүй гэж үзэн яллагдагчаар татсан. Прокурорын байгууллага "С.Зоригийн амь насыг хохироосон эрүүгийн дугаартай хэргийг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс ЦЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэстэй хамтарсан Ажлын хэсэг шалгаж байна. Энэхүү хэргийг зохион байгуулсан, захиалсан үйлдлийг шалгах ажиллагааны явцад шинээр цугларсан нотлох баримтуудаар С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг эрүүгийн хэрэг үүсгэж прокуророос яллагдагчаар татсан. Улмаар яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулж байцаалт авсан" гэх тайлбарыг өгсөн.
Тэгвэл Б.Булган өнгөрсөн долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандаж захидал бичжээ. Түүнийг захидал бичсэн талаар төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Тэрээр "Б.Булган долоо хоногийн өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисст хандаж захидал бичсэн. Б.Булганы захидалд ноцтой олон асуудал дурдагдсан байна. Хэргийг шалгаж байгаа болохоор дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй хэсгийг нь ил болгоно. Улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнд холбогдох хэрэгт гэмгүй хэдэн залуус хилсээр шийтгэгдээд жинхэнэ гэмт хэрэгтэн ард нь үлдэхийг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн ярилаа.