Улстөрчид
хэн нэгнийг нэг тахин шүтэхээрээ тэнгэрээс буулгахгүй, газар гишгүүлэхгүй
өргөмжлөх мөртлөө нэг ад үзэхээрээ нийлж бөөрөлхөхөөс эхлээд орчлонгийн хамгийн
муу хүнд байж болох бүх хэв шинжийг түүнд наангаа өөрсдийнхөө хийсэн гэмт
хэрэг, хулгай зэлгий, буруу булхай бүхнийг түүний нэр дээр хадаж, ард иргэдэд
түүгээрээ ойлгуулж, ойлгуулахын төлөөх бүхнийг гардан хийдэг жигшим зантай. Энэ
үзэгдэл яг одоо нүүрсний гэх хэрэг дээр тодоос тод харагдаж байна.
Бүр
тодруулбал, МАН, АН гээд нам ялгаагүй, албан тушаал харгалзахгүй бүгд л том, жижиг
тавантолгойн нүүрснээс их бага хэмжээгээр ашиг, хувь хүртсэн мөртлөө өдгөө УИХ-ын таван
гишүүнийг өөрсдийнхөө төлөөлөл болгон цоллож, ард түмнээр ял тулгуулчихаад сууж
байна. Тэр дундаас дээрхийн хамгийн тод жишээ нь Өмнөговь аймгаас УИХ-д суугаа
Ажнай хочит Д.Бат-Эрдэнэ болоод байна.
Өнгөрсөн жилүүдэд
тэр үнэхээр МАН-ын томчуудын нүдэнд орсон хог, шүдэнд хавчуулагдсан мах байж
ирсэн гэхэд хилсдэхгүй. Энэ ч үүднээс тэр өнөө маргаашгүй УИХ-ын бүрэн
эрхээсээ түдгэлзүүлүүлэхдээ тулаад байх шиг байна. Эрх баригч намынхны
хорхойтой араанд зуугдсан шалтгаан нь ердөө л өмнөговьчуудын төлөө, орон
нутгийн Тавантолгойгоос олборлож буй нүүрсийг эрх баригч намын эрх
мэдэлтнүүдийн хөл, гар бологсдод зүгээр өгөхгүй, бүгдийг хууль журмын дагуу хий
гэх шаардлага тавьсанд л байгааг учир мэдэх хүмүүс ярьсаар ирсэн.
Өмнөговьчуудын
тодорхой хэсгийн ажлын байрыг бусдад алдахгүйн төлөөх зүтгэл, Монголын баялгийг
дуртайгаар нь дургиулахгүйн зарчим нь түүнийг өнөөдөр МАН, АН-ын нүүрсчид,
нүүрсэнд шунагсдын бай болгоод байгаа гэхэд үнэнээс хол зөрөхгүй биз ээ. Хэрвээ тэр өмнөговьчуудыг бодолгүй зөвхөн
өөрийнхөө улс төрийн карьер, хувийн боломжуудаа бодсон бол МАН эрх баригч
болохтой зэрэгцээд л удирдлагууд, дарга нартай нь гар барилцаж, нэгдэн сүлбэлдээд
хүссэн бүхэнд нь найр тавин МАН-ынхан дунд АН-ын мөртлөө хамгийн сайн ах нь болчихсон, өдгөө дээр
дурдсанчлан газар гишгэхгүй өргөмжлөгдөж суух байлаа. Гэвч тэр тэгээгүй. Түүнд
нүүрсний хулгайчаараа дуудуулаад ч хамаагүй, элдэв гэмт хэрэгт гүтгэгдээд ч
хамаагүй шударга ёс, өмнөговьчуудын амь зуулгыг хамгаалах эр зориг байгаад бүх
учир байна.
Сонирхолтой
нь, Засгийн газраас, холбогдох хууль хүчний байгууллагуудаас УИХ-ын гишүүн
Д.Бат-Эрдэнийг
нүүрсний хулгайн хэрэгт сэжиглэн шалгаж байна хэмээн зарлаад байгаа ч өнөөдрийг
хүртэл яг хаанаас, ямар, хэчнээн хэмжээний нүүрсийг хэрхэн, яаж хулгайлсан,
хувь болон хувьсгалд завшсаныг нь баталж, нотлох баримт, сэлт юу ч байхгүй
гэнэ. Зүгээр л ах нарын үгэнд дуулгавартай ороогүй, элдэв татаасанд нь хандив
өгөөгүй, улс төрийн тоглолтыг нь үг дуугүй дэмжээгүй, төлөөллийг нь орон
нутгийн Тавантолгойд шургуулаагүй, орон нутгийнхны ажлын байр, боломжийг
“хулгайлж” өгсөнгүй гэх шалтгаан л баримт нь болж буй сурагтай. Өөр нэг зүйл
нь, өдгөөгөөс дөрөв таван жилийн өмнө “Ажнай Бат-Эрдэнэ нүүрсний
мөргөцөгийн зөрүү, нүүрс тээвэртэй холбоотой асуудал, орон нутгийн Тавантолгойн
хувь эзэмшил гэх мэт сэдвүүдээр түүнийг буруутгахыг оролдож байх үед л тэр
буруутай бол буруутан, гэмтэй бол гэмт хэрэгтэн болох байв. Гэвч хууль,
хяналтын бүх байгууллагаас шалгаад буруутган сэжиглэж буй зүйлсээ нотолж
чадаагүй өдий хүрсэн билээ.
Дээр нь Өмнөговь аймгийн удирдлагууд болон
орон нутгийн Тавантолгойн удирдах албан тушаалтнуудыг “Нүүрс хулгайлсан байж
болзошгүй. Өөрсдөдөө давуу эрх олгосон байж болзошгүй” гэх шалтгаанаар сэжиглэн
шалгахдаа УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг Өмнөговиос сонгогдсон, орон нутгийн өмчит Тавантолгой
ХК-д хувь эзэмшдэг юм чинь но байж л таарна хэмээн түүнийг шууд хамаатуулан шалгаж,
зарлаж байна хэмээн ойр тойрныхон нь тайлбарлаж байгаа. Өөр нэг нь “Элдэв
асуудал боллоо гэхэд даагаад гарах нуруутай, аваад өгөх хувийн бизнестэй,
дэмжиж итгэх өмнөговийнхон нь байгаа учраас хэсэгтээ намынхныхаа нохойд барьдаг
мод болж чадна” хэмээн түүнийг нүүрсчдийн нэрсийн жагсаалтын эхэнд бичсэн гэх
бор шувуу ч Ардчилсан намынхан дунд “нисэж” байгаа гэх.
Аль нь ч
байсан тэр хууль хяналтын байгууллагад нүүрстэй холбоотой бүх асуудлаар баримт
нотолгоогоо гаргаж, үнэн мөнөө тогтоолгох биз ээ. Ардын намынхны зохион
байгуулсан ард түмний “Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла” гэх жагсаал, шахалт юм
шиг зохиолоор нэрээ зарлуулсан “нүүрсчид”-ийн хэн нь жинхэнэ хулгайч, хэн нь хэлмэгдэж байгаа нь
удахгүй тодорхой болох биз ээ.
АЖНАЙ Д.БАТ-ЭРДЭНЭ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН БИШ
Өөрөөр
хэлбэл, түүнд төрөөс хүсэх юм бага гэсэн үг. Зарим улстөрч, УИХ-ын гишүүн
шиг төрд сонгогдсон цагаасаа эхлэн хөрөнгө, орлого нь огцом нэмэгдэж, ах дүү,
эргэн тойрныхон нь төрийн том, бага гэлтгүй албан тушаалд томилогдож, нүдэн
дээр баяжих, хувийн эрх ашиг, хоол, хадгаламжийн төлөө бусдын боломжийг булаах
шаардлагагүй гэсэн үг. Нэг үгээр бол гэрээ засчихаад ирсэн хүн юм уу даа.
Түүний удирдаж ирсэн “Ажнай
корпораци” ХХК улс төрд орохоос нь өмнө хэрхэн
цэцэглэж, бусад бизнес нь ямар замаар явсныг Монголын ард түмэн биш юм гэхэд
өмнөговьчууд мэднэ. Адаглаад л ганзагын наймаанаас бүхнээ хэрхэн эхлүүлж байсан
хийгээд худалдаа, хувьцааны талбарт алдаж онож явсаар өнөөдөрт хүрсэнийг нь
гэрчлэх түүх олон бий. Тэгэхээр түүнийг төрөөс элдэв тендер, энд тэндэхийн
сангийн мөнгөнөөс хүүгүй шахам зээлж, бусдын боломжийг хулгайлж, төрөөс баяжина
гэж хардаж, ийм зүйлээр харлуулахыг хичээх нь үнэнээс хол зөрж байгаа юм. Ингэж
тодотгох шалтгаан нь түүнийг өнгөрсөн хугацаанд “Төрөөс төрсөн тэрбумтан,
төрөөс нүүрс хулгайлж тэрбумтан болсон” гэх мэтээр ард түмэнд ойлгуулахыг
хичээж буй хандлага, оролдлогууд тасралтгүй явж байх шиг байна. Түүнийг төр
түшилцэхээр улс төрд ирэхдээ л хувийн бизнесүүдээ амжилтад хүргэж, тэрбумтан болсон
байсныг амьдралынх нь олон жишээ батална.