Боловсролын зээлийн сангийн авсан зээлээ төлөөгүй 230 хүнийг АТГ-аас шалгаж байгаа гэв
4 сарын 13, 2023

Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гаас 1997 оноос хойш зээл авч, гадаадын их, дээд сургуульд суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй 230 хүн байгааг мэдээлсэн билээ. Тэгвэл АТГ-аас "БЗС-гаас 1997-2014 он хүртэлх хугацаанд зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан 230 оюутан гэрээний үүргээ биелүүлсэн байдал, нийтийн албан тушаал эрхэлж байгаа эсэх, тэдний улс төр, бизнесийн нөлөө бүхий этгээдүүдтэй хамааралтай эсэхийг тодруулан шалгаж байна" хэмээн мэдээллээ. 

Харин Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан "Хэн гэж хүүхэд ямар сургууль, ямар хэмжээний мөнгийг БЗС-гаас аваад, өнөөдөр үүргээ биелүүлэхгүй алга болов гэдгийг хууль хяналтын байгууллагатай хамтран шалгаж, шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. Энэ бол нийтдээ 10 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эрсдэл БЗС дээр үүсэж байгаа гэсэн үг" гэсэн билээ.