“Цемент шохой” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга Ц.Баяр-Эрдэнэ хууль зөрчиж, компанийн машиныг хувьдаа ашигладаг байжээ
4 сарын 14, 2023

Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар ТУЗ-ийн дарга Ц.Баяр-Эрдэнийг компанийн машинаа хүлээлгэн өгөхийг шаарджээ. Тодруулбал, ТУЗ-ийн дарга Ц.Баяр-Эрдэнийг Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж, компанийн авто машиныг хувийн хэрэгцээндээ ашигласан хэмээн ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлд шаардах бичиг өгчээ.

Энэхүү шаардах бичигт компанийн автомашиныг буцаан өгч 12.3 сая төгрөгийн үргүй зардал гаргасныг нэхэмжилсэн байна. Учир нь ТУЗ-ийн дарга Ц.Баяр-Эрдэнэ компанийн авто машиныг хувьдаа ашигласан нь шатахуун хийсэн баримтуудаар нь нотлогдсон байна. Үүгээр зогсохгүй автомашины эд ангийг сэлбэхэд ихээхэн хэмжээний үргүй зардал гаргасан хэмээн 12.3 сая төгрөг нэхэмжлээд байгаа аж.

Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө “Цемент шохой” үйлдвэр “Амарбаясгалант” хийдийн Бумбын тахилгад 5 сая төгрөг хандивласан талаарх мэдээлэл олны шүүмжлэлийг дагуулаад байсан бол уг тахилгын арга хэмжээг гардан зохион байгуулж авч явсан хүн нь ТУЗ-ийн дарга Ц.Баяр-Эрдэнэ гэдгийг үйлдвэрийнхэн онцолжээ. Учир нь тахилгын арга хэмжээнд явсныг тухайн өдрийн шатахууны баримтаас харж болох аж.

ТУЗ-ийн дарга Ц.Баяр-Эрдэнэ гэж хэн бэ?

Ц.Баяр-Эрдэнэ нь “Цемент шохой” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллахаасаа өмнө буюу 2018-2022 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хэлтсийн даргаар байхдаа “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой нүүрсний хулгайн хэргээр гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг цагдан хорьсон билээ. Харин ТУЗ-ийн гишүүн Ц.Баяр-Эрдэнэ нүүрсний хулгайтай мэдээлэлд нэг хэсэг нэр холбогдож байгаад тэгсхийгээд намжсан. Харин ч Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийг улсын өмчид авах үед ТУЗ-ийн даргаар томилогдон ажиллаж байна.

Ц.Баяр-Эрдэнэ “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хүн гэв үү

“Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар мэдээлэл хийх үедээ “Манай компанийн ТУЗ-д “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хүмүүс байсныг сая л мэдлээ. ТУЗ-ийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Агар зэрэг хүмүүс компанийн удирдлагаас гаргасан санал санаачилгыг дэмждэггүй. Ажилчдыг турхирдаг. Элдэв янзын шахаа үйлдвэрт хийдэг байсан. Ашиг сонирхлын зөрчилтэй ТУЗ-ийг төрөөс зайлуулах хэрэгтэй” хэмээн ярьсан. Үүнээс харахад “Цемент шохой” ТӨХК-ийн ТУЗ эрүүл бүтэцтэй гэдэг нь харагдахгүй байгаа юм. “Цемент шохой” үйлдвэрийн ажилчид ч ТУЗ-ийн ашиг сонирхлын зөрчилтэй байгаа гэдгийг илт хэлэх болжээ.