Өнөөдөр Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Гэхдээ бид хүүхдийн баяр гэж нийтээрээ бэлэг сэлт болж хөөрцөглөдөг. Гэвч бидний үр хүүхдийн эрх хаана хамгийн их зөрчигдөж, хэн үйлдэж байна вэ гэдэг анхаарал хандуулах учиртай билээ. Тиймээс бид энэ талаар Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний гишүүн Э.Цэцэгсайхантай ярилцлаа.
-Өнөөдөр Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Монголд хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байна, өнөөгийн нөхцөл байдал ямархуу байгаа вэ?
-Зургаадугаар сарын 1-н чинь ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлуудыг бид ил гаргаж ирж, үүнд дээр төр засаг шийдвэргаргадаг, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдээд асуудал ярьдаг ӨДӨР. Гэтэл манайхан баяр байдлаар тэмдэглэдэг. Бүр Эх үрсийн баяр гээд тэмдэглэдэг, харамсалтай. Тэгээд хэдэн хүүхдүүддээ жигнэмэг, чихэр, зайрмаг гээд хэдэн амттан өгөөд л өнгөрөөдөг. Гэтэл өнөөдөр ХҮҮХДИЙН ЭРХ монголд ямар байгааг бид өдөр тутамдаа харж байгаа ш дээ. Минут секунд тутамд хүүхдүүд амь насаа алдаж байна. Би хүүхдийн төлөө 19 дэх жилдээ ажиллаж байна. Энэ нөхцөлд хамгийн гол буруутан нь эцэг, эхчүүд гэж хэлэх гээд байна. За яах вэ төр засгаас бодлого гаргаж байна, хууль гаргаж байна, нөхцөлийг нь сайжруулж байна. Гэтэл эцэг, эхчүүд өөрчлөгдөж байна уу, би бол бараг л өөрчлөгдөөгүй гэж хэлнэ. Бүр гэр бүлийн салалт ихэсчихсэн. Түүнийгээ даваад хойд эцгийн асуудал, бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн тоо ерөөсөө буурахгүй байгаа ш дээ. Тэгэхээр гэр бүл тэр дундаа эцэг эхийн үүрэг хариуцлага гэдэг зүйлийг хуулийнхаа хүрээнд ч юм уу чангатгамаар байна. Э
-Тэгэхээр хүүхдийн эрх гэр бүлийн хүрээнд хамгийн их зөрчигддөг гэж үү?
-Эцэг эх нь архидаад алга болчихно. Ахуйн осолд гэхэд сүүлийн гурван жилд 157 мянган хүүхэд өртсөн байна. Түүний 83 мянган хүүхэд зөвхөн гэр бүлийн орчинд осолд өртсөн байгаа байхгүй юу. Хашаандаа тоглож байгаа хүүхдээ машинаараа дайраад алчхаж байна, түлээд алчхаж байна, шөнө унтаж байхад нь хөхөөрөө дараад алчхаж байна, зодоод алчихаж байна. Гурван жилийн дотор нийтдээ 360 гаруй хүүхэд иймэрхүү байдлаар амиа алдсан байгаа юм. Жилдээ 100 гаруй хүүхэд амь насаа алдаад байна гэсэн үг, ослоор. Тэгэхээр энэ тоог хараад бид дасчхаад байгаа юм уу, эсвэл өөрийнх нь хүүхдэд тохиолдоогүй болохоор анзаарах гээд байдаг юм уу. Хол л сонсогдоод байх шиг байна. Гэтэл энэ зүйлсийг хэзээ ч чихний хажуугаар өнгөрөөмөөргүй байна. Өнөөдөр манай хүүхдэд тохиолдоогүй юм чинь гээд өнгөрөөчихдөг.
-Танай байгууллага ялангуяа охидын хүчирхийллийн эсрэг судалгаа хийж ажилладаг. Хүчирхийллийг хамгийн ойрын буюу гэр бүлийн хүмүүс үйлддэг гэсэн судалгаа гарсан байсан. Энэ тухайд?
-Нэг жишээ байна. Үнэхээр аймшигтай, харамсалтай. Санаанд багтамгүй. Хоёр охинтой нэг айл байгаа байхгүй юу, хойд эцэгтэй. Гэтэл том охиныг нь хойд эцэг нь бараг ээжийнх нь нүдэн дээр хүчинддэг байх жишээтэй. Ээж нь мэддэг хэр нь хэзээ ч хууль хяналтын байгууллага, цагдаад хэлдэггүй. Яагаад ээж нь ингээд байдаг гэхээр “манай ээж өвчтэй юм аа, манайд хойд аав ганцаараа ажил хийдэг. Хэрвээ аавыг цагдаад өгчихвөл биднийг тэжээх хүнгүй болно. Манай гэрт бүх юм хойд аавын хүслээр болдог” гэж хэлсэн байгаа юм. Тэгээд арга ядаад тэр охин гэрээсээ зугтаасан байгаа юм. Тэгсэн одоо яасан гэхээр тэр охины дүү нь одоо 11 настай гэж байна. Дүүг нь хойд эцэг нь дахиад л хүчирхийлээд байхад ээж нь дахиад л хэлэхгүй байж байгаа. Ийм муухай арчаагүй, сул дорой болчихсон байна ш дээ. Энэ бол бидэнд мэдэгдэж байгаа нь. Мэдэгдэхгүй хэчнээн айл өрх байгааг үнэхээр таашгүй. За тэгээд энэ бэлгийн хүчирхийллийн асуудалд хүмүүс итгэдэггүй. Арай ч дээ үгүй байлгүй дээ гээд байдаг. Гэтэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 85.6 хувь нь дандаа гэр бүлийн хамгийн ойр дотны хүмүүстээ хүчиндүүлсэн байдаг. Сая 8 настай охины мэдээлэл гарсан. Үнэхээр өрөвдмөөр. Гэтэл ах нь найз гэсэн нэг заваан юм дагуулж ирэхэд л дүүг нь хөнөөчихсөн байгаа байхгүй юу. Тэгэхээр танихгүй хүн битгий гэртээ оруулаач ээ, таньдаг ч гэсэн хэцүү цаг үе болсон. Шулуухан хэлэхэд таньдаг хүн байсан ч гэртээ битгий янз бүрийн дагуулж оруулж байгаач ээ.
-Та түрүүн зуны амралтын үеэр хөдөө орон нутаг руу ч юм уу хүүхдүүдээ амраахаар айл руу явуулдаг. Энэ нь хүүхдийг хүчирхийлэлд өртөх гол шалтгаан болдог гэж байсан?
-Одоо зуны цагийн зугаалга, манайхны найр наадам дуусахгүй. Хүүхдүүдээ айлд орхиод явчихдаг. Ямар нэг хүчирхийлэлд өртчихдөг. Ээж, аавдаа хэлэхээр “за ахынхаа талаар битгий юм ярь Ах чинь шоронд явна ш дээ” айлгачихдаг. Зарим эцэг, эхчүүд мэдсэн ч мэдээгүй юм шиг нуудаг. Ийм байхад маргааш хүүхдийн баярын өдөр гээд тэмдэглэхэд надад үнэхээр хэцүү санагдаж байна.
-Сүүлийн хэдэн сар сургуулиудад ажилласан гэсэн. Тэнд хүүхэд хүчирхийлэлтэй холбоотой ямар асуудал байна вэ?
-Бас л эцэг, эхчүүдтэй холбоотой юм ярих гээд байна. Манай зарим эцэг, эхчүүд хүүхдүүдээ сургуульд нь, багшид нь даатгаад орхичихдог. Би сүүлийн 2, 3 сар нийтдээ найман сургуулийн хүүхдүүд болон багш нартай уулзалт хийлээ. Хүүхдүүдийн дуу хоолойг сонслоо, багш нартай нь ярилцаж үзлээ, хүүхдүүдтэй ярилцаж үзлээ. Тухайн сургуулийн сэтгэлзүйчтэй ярилцаж үзлээ. Тэгэхэд хүүхдүүдийн 80 хувь сэтгэлзүйчээс гэр бүлийнхээ асуудлаар зөвлөгөө авдаг юм байна. За тэгээд гэртээ хоол ундгүй. Бараг юу ч иддэггүй. Зарим нь бараг сургууль дээр үдийн цайны хоолыг идэх гэж ирж байна гэж байна. 1-5 дугаар ангийнханд үдийн цай өгдөг ш дээ. 5 дугаар ангиас дээш үдийн хоолгүй байгаа ш дээ. Гэтэл тэр хүүхдүүд хоолгүйгээсээ болж ухаан алдаж унадаг. Багш нар нь юу өгөхөө мэдэхгүй. Ухаан алдангуут нь өрөөндөө оруулаад цай өгөөд, жигнэмэг өгдөг гээд тийм өрөвдмөөр хүүхэд маш олон байна гээд ярьж байна. Дээр нь сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэл, цахилгаан тамхи зэрэг хорт зуршлын асуудлууд байна. Гэхдээ энэ бүхний суурь улбаа нь ерөөсөө л гэр бүлийн орчин. Гэр бүлд нь хүчирхийлэлд үйлдэгдэж буй хүүхэд сургууль дээрээ ирээд тухайн харсан үзсэнээ дуурайж бусад хүүхдэд хүчирхийлэл үйлдэх тохиолдол байна. Яг хүчирхийлэл үйлдээд байгаа хүүхдүүдийг судлаад үзэхээр гэр бүлдээ хүчирхийлэлд их өртдөг байгаа юм. 10 хүүхэд тутмын 8 нь үе тэнгийнхний дээрэлхэл, дарамтад өртдөг гэсэн судалгаа хүртэл гарсан.
Д.ДАВААСҮРЭН