ХБНГУ-ЫН ЗЭЭЛЭЭР ТӨВИЙН БҮСИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ, ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГ ШИНЭЧИЛНЭ
6 сарын 20, 2018

“Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийг ХБНГУ-ын Засгийн газрын 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ.

Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний 220, 110 кВ-ын дэд станцуудад дунджаар 40 гаруй жилийн турш ашиглагдаж байгаа ашиглалтын хугацаа хэтэрсэн, насжилт өндөртэй, хуучирч муудсан технологийн хувьд хоцрогдсон 35, 110 кВ-ын хүчдэлийн түвшний тосон таслуурууд болон реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмжөөр сольж шинэчлэх шаардлагатай байгаа. Тиймээс “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээ байгуулахаар болсон.

Энэ хүрээнд ХБНГУ-ын Засгийн газрын 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр 2014 он, 2016 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээгээр тохиролцсон бөгөөд зээлийн хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, зээлийн хүү жилд 2 хувь байх аж. 

Дээрх Төслийн болон Зээлийн гэрээний төслийг зөвшилцөх эсэх асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороогоор өнөөдөр хэлэлцэн, гишүүдийн олонхийн саналаар дэмжээд байна.