Ачилтын компани иргэнд 20 сая төгрөгийн хохирол учруулжээ
6 сарын 6, 2023

Ачилтын компанийн ажилтан автомашиныг нь буруу ачиж иргэнд 20 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Иргэн Б болсон үйл явдлыг ярихдаа “Тэр өдөр БОАЖЯ дээр яаралтай хуралд дуудагдаж очсон. Яамны ойролцоох төлбөртэй зогсоол дүүрсэн байсан учраас “Cafе Bene” кофе шопын урд хэсэгт замын хөдөлгөөнд саад болохгүйгээр машинаа байрлуулаад хуралд орсон. 16:13 цагт машин ачсан тухай мессеж хүлээн авч хурал дууссаны дараа буюу 18:00 цагийн үед ТС-2 машин түр журамлах хашаанаас очиж машинаа авсан. Машинаа унаад явахад харанхуй болсон байсан. Машин тавьсан газар нь явган хүний замаас 5 метр дотор учраас ачсан гэж машин ачилтын газраас тайлбарласан. Тиймээс буруугаа хүлээн зөвшөөрч зохих ёсны торгууль, төлбөрийг төлж машинаа авсан. Машин авахдаа гаднах хэсгийг шалгасан ч явах эд ангийн гэмтэл унаад явсны дараа л мэдэгдэж байгаа юм. Машин бариад явах үед маш чанга дуу гарч байсан. Өвөл байсан учраас замын цас дуугарч байна гэж таамагласан ч байрны доод зогсоол руу орохоор уруудахад энгийн нэг дуу бус явах эд ангид ямар нэг асуудал гарсан нь илт мэдэгдэхүйц чанга чийхарч дуугарсан” гэв.

Уг автомашин нь 2017 онд үйлдвэрлэгдсэн, 2020 оны аравдугаар сард орж ирсэн “Subaru forester” маркийн “full time”-тай буюу AWD All wheel drive бүх дугуй нь хөтлөгчтэй машин байжээ. Ийм төрлийн бүх дугуй нь хөтлөгчтэй машиныг зөөх, тээвэрлэхдээ бүх дугуйг газраас хөндийрүүлж ачиж тээвэрлэх ба чиргүүлтэй машинд ачиж явах ёстой гэж олон улсын стандартад заасан байдаг төдийгүй “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам” дээр ч цагаан дээр хараар тодорхой бичсэн байдаг. Гэтэл ачилтын компанийн ажилтан журмаа үл мөрдөн иргэний хувийн эд хөрөнгөд хайхрамжгүй хандаж нэмэлт дугуй хэрэглэх эс бол өргөж ачих ёстой машиныг хагас цоройлгон чирсэн байгаа юм. Ачилтын буруугаас үүссэн гэмтэл гэдгийг хэд хэдэн автозасварын газрын оношилгоогоор төдийгүй шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр баталсан байна. Ингэж иргэн Б ачилтын компанийн хариуцлагагүй байдлаас 20 сая төгрөгөөр хохирчээ.