Токиогийн
олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Болортуяа цахим орчинд Монголын
Чөлөөт бөхийн холбоог шүүмжилжээ. Энэ жилийн ДАШТ-д оролцох бөхчүүдийг сорил
хийж тодруулахаар яригдаж буй нь гавьяатыг бухимдуулжээ.
Тэрбээр энэ
талаар “МЧБХ. Ямар дүрэм журмаар, яаж ДАШТ оролцох ёстой юм бэ? Багш, тамирчдынхаа
үг, дуу хоолойг сонсдоггүй яачихсан удирдлагууд, мэргэжлийн зөвлөл вэ? Миний
бие 2022 онд Дэлхийн чансааг тэргүүлж, сүүлчийн Казакстан улсад зохиогдсон
ранкын тэмцээндээ түрүүлээд байж байхад УАШТ тов гарсан тамирчид бид 5-6 кг жин
хасч барилддаг. Сэргэлт, формжилт маш чухал. 2 тэмцээний хооронд дор хаяж 45
хоног байх ёстой байтал 20 хоногийн дараа УАШТ зохиосон. Гэнэт зарласан
тэмцээний үеэр гэмтэл авч, 2022 оны Белградын ДАШТ-ийг өнжсөн. Чансааг тэргүүлж
байсан ч сорил хийлгүй, УАШТ-д түрүүлсэн тамирчнаа явуулсан. Тиймээс “УАШТ
чухал юм байна” гэж ойлгон, бэртлээ эдгээж, 2023 оны УАШТ-д түрүүлээд ДАШТ-д
оролцох гэтэл сорил яриад байх юм. УАШТ гол биш юм уу. Би 2022 оны ДАШТ-д
оролцсон бол аварга болох бүрэн боломжтой байсан. Монголын чөлөөт бөхийн холбоо
ажлаа арай өөрөөр хийгээд байгаа юм биш үү. Амжилт гаргаж байгаа тамирчиддаа
дэмжиж шагнаж урамшуулмаар байна “Токио-2020” олимпын наадмаас ирэхэд МЧБХ
10сая төгрөгний пайз өгсөн, мөнгийг нь одоо болтол өгөөгүй. 2023 оны чансааны
бүх тэмцээнд тамирчид хувийн зардал мөнгөөр явж байна шүү дээ” хэмээн үзэл
бодлоо илэрхийлжээ.