Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зургадугаар сарын 13-ны өдөр УИХ-ын 45, 47-р тогтоолуудад хориг тавьсан. Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 45 дугаар тогтоол. Мөн Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай 47 дугаар тогтоолуудад тус тус хориг тавьсан.
Д.Гантулгын хувьд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, түүнийг нь УИХ дэмжсэн учир Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Муратад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан ч дэмжигдээгүй учир нээлттэй хуралдлаа
Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, өмгөөлөгч Р.Булгамаа уншиж танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах гэсэн саналын томъёоллоор санал хураахад байнгын хорооны гишүүдийн олонхи буюу 72.7 хувиар санал дэмжигдэв.
Ингэснээр Хуульзүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-д танилцуулах болж байна.