ЭЕШ-ын оноо жилээс жилд уруудсаар...
6 сарын 21, 2023

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Энэ жил давхардсан тоогоор 93.266 сурагч ЭЕШ өгсөн бөгөөд тэдний 0.2 хувь нь буюу 158 сурагч л 800 оноо авсан аж.

ЭЕШ-ын дундаж оноог хичээлээр нь харвал, нийт 10 хичээлээс долоон хичээлийнх нь дундаж оноо 3 жилийн өмнөхөөс буурсан аж. Эдгээрээс Нийгэм судлал болон Орос хэлний хичээлийн улсын дундаж оноо хамгийн ихээр буурчээ.

Түүнчлэн Математик, Хими, Физик зэрэг шинжлэх ухааны хичээлийн ЭЕШ-ын дундаж оноо бусад хичээлийг бодоход бага байгаа юм. Тодруулбал, Орос хэлний хичээлийн дундаж оноо 61 байхад Математикийнх үүнээс 2.3 дахин бага байна.


Цаашлаад хичээлүүдийн медиан оноог харвал, зөвхөн Монгол хэл болон Орос хэлний медиан оноо 50 болон түүнээс их байгаа бол үлдсэн 8 хичээлийн медиан оноо 24-42 байна. Өөрөөр хэлбэл, ЭЕШ өгсөн сурагчдын тал нь 100 онооноос 37 авсан хэрэг. 37 F гэсэн үг шүү дээ.

Хэлний хичээлүүдийн үзүүлэлтийг харвал Англи хэлний ЭЕШ-д 33 сурагч 800 оноо авсан бол Орос хэлнийхэд 30 сурагч харин Монгол хэлнийхэд ердөө 14 сурагч 800 оноо авчээ. Мөн Монгол хэлний шалгалт өгсөн сурагчдын тоо Англи хэлнийхээс 1.9 дахин бага байсан юм.

ЭЕШ-ын үзүүлэлтийг хот хөдөөгөөр салгаж харвал, Улаанбаатарт ЭЕШ өгсөн сурагчдын Англи хэлний ЭЕШ-ын дундаж оноо орон нутагт шалгуулагчдынхаас 6.1 оноогоор илүү байв. Тэгэхээр орон нутагт гадаад хэлний боловсролыг сайжруулах шаардлагатай нь харагдаж байна. Хот хөдөөгөөс гадна аймаг хооронд ч чанарын ялгаа их харагдана. Түүхийн хичээлийн ЭЕШ-ын дундаж оноо л гэхэд Сүхбаатарт хамгийн өндөр буюу 61 байхад Баянхонгорынх үүнээс 2.4 дахин бага буюу 25 байх жишээний.

ЭЕШ-ын үзүүлэлт боловсролын системд томоос том анхаарлын тэмдэг тавилаа. Чанар хүртээмжээ сайжруулахгүй бол энэ анхаарлын тэмдэг томорсоор л байх болно.