​А.Адъяасүрэн: Хүний нэр төрийг “захиалгаар” харлуулдаг шигээ сэргээж чаддаг байх ёстой
7 сарын 3, 2023

    - ЗӨВХӨН МАНАЙ НАМЫГ Л ДЭМЖДЭГ ГЭХЭЭС ИЛҮҮ НИЙТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙНХЭЭ ЭРХ АШГИЙГ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ -


    УИХ-ын гишүүн, Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн А.Адъяасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


    -Яриагаа хоёулаа цаг үеийн асуудлаар эхэлье. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд орж байгаа өөрчлөлтүүд тэр дундаа малчдын нийгмийн даатгалыг төр 50 хувийг нь даах заалтад олон нийт талцаж байна л даа. Үүнд таны байр суурь ямар байна вэ?

    -Юуны өмнө ард түмнийхээ итгэлийг хүлээж УИХ-д орж ирснээсээ хойш хэвлэлд тэр дундаа сонинд анхныхаа ярилцлагаа өгч байна. Таны асуусан Нийгмийн даатгалын ерөнхий хууль иргэдийн амьдралд шууд нөлөөлөх чухал хууль. Тиймээс зүйл заалт бүрийг олон нийт анхааралтай ажиглаж байгаа болов уу. Миний хувьд малчдын нийгмийн даатгалын асуудлыг бүрэн дэмжиж байгаа. Орон нутгаас сонгогдсон гишүүн учраас малчдыг дэмжиж байна гэж харах нь өрөөсгөл. Малчдын асуудлыг УИХ-ын гишүүн бүр анхаарах ёстой. Нэг талдаа Монгол Улсын тусгаар тогтнол, өөрийн гэсэн хэв маяг, ёс заншил, онцлог нь юу юм бэ. Монгол Улс гэхээр дэлхийд нүүдэлчин соёлтой ард түмэн гэж ойлгоно. Нөгөөтэйгүүр Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж байдаг гол салбар бол Хөдөө аж ахуй. Түүн дотроо мал аж ахуй гэдэг бол Монгол Улсыг өнөөдрийг хүртэл авч яваа, цаашдаа ч авч явах чухал салбар. Гэтэл энэхүү салбарт мал маллах хүн өдөр ирэх тусам цөөрсөөр байгаа Үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө гэсэн үг. Тиймээс төр засгийн зүгээс малчдын асуудлыг бодлогоор зохицуулах ёстой гэх өргөн агуулгаар асуудалд хандах нь чухал. Харин ч төр засгийн хувьд уг асуудалд дэндүү хойрго хандаж байгааг өнөөдөр малын гаралтай түүхий эдийн үнээс харж болохоор байна. Малчдын амьжиргааны гол эргэлт бол мал болон малын гаралтай түүхий эд. Гэтэл малын гаралтай түүхий эдийн үнэ Монголын зах зээлд шалдаа буусан. Малын арьс шир, ноос ноолуур гээд малын гаралтай түүхий эдийн үнэ хэдэн төгрөг билээ. Тиймээс төр засгийн хувьд хөдөө аж ахуйн салбарыг бодитой дэмжиж, хөл дээр нь босгосон цагтаа малчдад ямар нэгэн шаардлага тавих ёстой гэж ойлгодог.

    -Ер нь энэ нийгмийн даатгалын ерөнхий хуулийн өөрчлөлт энэ салбарыг эрх зүйн хувьд шинэчилж чадах уу?

    -Орж ирсэн хуулийг агуулгын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад засч сайжруулах зүйл бий. Мэдээж хууль гэдэг өөрөө амьдралд нийцсэн байх гэдэг гол агуулгаараа л батлагдах ёстой. Үүнд нэг зүйлийг би олзуурхаж харж байгаа. Нийгмийн хамгааллын сайд нь эмэгтэй хүн. Тус салбарын УИХ дахь салбар байнгын хорооны дарга нь эмэгтэй хүн. Хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч нь эмэгтэй. Тэр утгаараа нийгмийн ширхэглэх асуудалд эмэгтэйчүүд илүү нарийн хандаж байгаа болов уу. Цаашид энэ мэт эмэгтэйчүүдийн оролцоо улс төрийн шийдвэр гаргах түвшинд илүү хэрэгтэй.

    -Ерөнхийлөгчөөс Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирсэн. Уг хуулийн хүрээнд олны анхаарал татаж байгаа хоёр асуудал байна. Тухайлбал, Намын санхүүжилтийг ямар байлгах юм. Нөгөөх нь намын жагсаалтыг нээлттэй явуулах уу эсвэл хаалттай зохицуулах уу гэдэг асуудал. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

    -Намын санхүүжилт ил тод, эрүүл байх ёстой гэдгийг бүгд л ярьж байна. Үнэндээ тийм л дээ. Нам санхүүжилтээ хаанаас аваад байгаа нь нууц байгаа учраас бүлэглэл оршин тогтносоор байна. Ерөөсөө улс төр цэвэр болж чадахгүй байгаагийн гол зангилаа намын санхүүжилт. Бүр нарийвчлаад яривал улс төрд эмэгтэйчүүд яагаад олуулаа орж ирж чадахгүй байна вэ. Үнэндээ бид боловсролтой чадвартай эмэгтэйчүүдээ улс төрд оруулъя, нийгмийн бусад төлөөллүүдийг ч бас давхар хангая гэж ярьдаг. Гэтэл яг цагаа тулахаар эмэгтэйчүүд ч гэдэг юм уу нийгмийн бусад бүлгийн төлөөлөл улс төрд орж ирж чадаж байгаа бил үү. Чадахгүй л байгаа. Учир нь юунд байна гэхээр намын санхүүжилт, нөгөө л мөнгө тойрсон бүлэглэл байгаа юм. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийг бид онцгой ярих шаардлагатай. Санхүүжилт нээлттэй ил тод цэвэр байхаас хамаарч улс төрд орж ирэх нийгмийн бүлэглэл нэмэгдэнэ. Дээрээс нь нийгмийн төлөөлөл тэгш орж ирнэ. Үүнийгээ дагаад улс төр тунгалаг цэвэр болно. Цэвэр тунгалаг улс төрөөс шударга өрсөлдөөн гарч ирнэ. Ерөөсөө энэ зүйл чинь нэг тийм схем шүү дээ. Уг схемийн нэг бүдүүвч л зөрүүтэй байвал түүнийгээ дагаад гарч ирэх үр дагавар нь шударга бус болдог. Тухайлбал, нэг эмэгтэй улс төрд орж ирье гэж бодъё. Тэгвэл тэр эмэгтэйд мөнгөний цензур тавигддаг. Үүнээсээ болоод эрчүүд нь эмэгтэйчүүдээ халаасалчихдаг. Товчхондоо шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бүрэн хангагдаж чадахгүй байгаагийн гол учир нь мөнгөнөөс болоод эрчүүдээсээ хараат байгаа явдал юм. Тиймээс намын санхүүжилтийг нээлттэй болгох асуудалд миний хувьд хатуу байр суурьтай явдаг.

    -Таны хувьд намын үйл ажиллагаандаа хэрхэн анхаарч оролцож байна. Олон жил талцаж хуваагдсаны эцэст сая нэг даргатай болж, эв нэгдэл нь хангагдсан гэж ойлгоод байгаа. Ер нь намын дотоод уур амьсгал ямаршуу байна?

    -Сүүлийн гурав, дөрвөн жил манай нам учраа олохгүй, цэгцэрч чадахгүй хэцүүхэн л явлаа. Орон нутгаараа явж байхад иргэд ярьж л байсан. Та бүхэн хэзээ цэгцрэх гэж байна вэ, энэ Монгол Улсад ардчилал гэдэг зүйл байхгүй боллоо шүү дээ гэж. Олон нийтийн зүгээс нийгмээс ирж байгаа энэ мэт олон санал, санаачилгын хүчинд Ардчилсан нам дахин нэгдэж, эв нэгдлээ хангасан. Намын даргаа Дээд шүүхээр албан ёсоор бүртгүүлсэн. Намын эв нэгдэл хангагдах хугацаанд эрх баригчид бишгүй л улс төрийн тоглолт хийлээ. Одоо манай намын эв нэгдэл өдөр ирэх тусам улам бэхжиж байгаа гэж харж байна. Тэр дундаа Ардчилсан намын эмэгтэйчүүд эвлэлдэн нэгдэж, үзэл санаа, үнэт зүйлээ эрхэмлэх цаг ирээд байна. Миний хувьд эмэгтэйчүүдээ дэмжсэн, тэдний оролцоо, дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхийг зорьдог. Үүнийхээ хүрээнд ч хийсэн тодорхой ажлууд бий. Цаашид ч эмэгтэйчүүдтэйгээ хамт манлайлж, нийгэм, улс төр, эдийн засаг дахь бодит тулгамдсан асуудал бүрийг нарийн анхаарч явна.

    -Намын дарга нь зарим сангаас зээл авсан гэх хэл ам олон нийтэд их хүчтэй явлаа. Нөгөөтэйгүүр чоно борооноор гэгчээр нийгмийн энэ шуугианыг ашиглаж улс төр хийх гэсэн оролдлогууд ч цөөнгүй гарах шиг боллоо. Үүнээс харвал танай намын эв нэгдэл бүрэн бэхжих болоогүй байгаа юм биш үү?

    -Боловсролын зээлийг хамгийн их олгосон Засгийн газар бол Лу.Гантөмөр даргын ажиллаж байсан үе. Гэхдээ чанаргүй зээл ч гэдэг юм уу, эсвэл бусдын боломжийг хулгайлсан, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, нөлөөлж зээл гаргасан Засгийн газар биш байсан. Харин ч Боловсролын салбарт маш олон шинэчлэлийг хийсэн Засгийн газар, сайд байсан гэж дүгнэдэг. Тухайн үед шударгаар хууль, журмынхаа хүрээнд зээлээ аваад яваад болоод л байсан байна. Гэтэл МАН сүүлийн найман жил төр засгийн эрхийг дангаараа эзэмших хугацаанд энэ асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл Боловсролын зээлийн сангаас зээл авсан нийт зээлдэгчийн 97 хувь нь МАН-ынхан байна гэсэн тооцоо гарсан байна лээ. Үүнээс аль нам нь хулгайч гишүүдтэй вэ, хэн нь илүү бусдын боломжийг хулгайлсан бэ гэдэг нь тодорхой харагдана. Нөгөөтэйгүүр Лу.Гантөмөр гэх хувь хүнийх нь үүднээс асуудлыг харвал энэ бол байж болох зүй ёсны л үйлдэл. Харин Ардчилсан намын дарга гэдэг утгаар нь асуудлыг хоосон улс төржүүлж байгаа нь харамсалтай. Ер нь МАН-ынхан олонх болчихоороо зах зээлийн нийгмээс гажууд үйлдэл, шийдвэр бодлогыг гаргадаг. Тухайлбал, зээл авсан хүнд ял оноож байх жишээтэй. Үгүй ээ, ардчилсан нийгэмтэй, хуультай, зах зээлийн зарчимтай улсад хүн яагаад зээл авч болдоггүй юм. Зээл авсныхаа төлөө яагаад ял авах ёстой вэ. Энэ бол үзэл суртлын маш том асуудал цаагуураа явж байгаа гэж хувьдаа хардаг.

    -Таны хувьд Ардчилсан намтай анх хэрхэн холбогдож байсан юм бэ. Зарим хүмүүс Баянхонгорт Адъяасүрэн гэх эмэгтэй гэнэт л гарч ирээд сонгуульд өрсөлдөөд ялсан гэх юм билээ. Тэр утгаараа таны АН-тай холбогдсон түүх их сонирхол татаж байна л даа?

    -1990 онд би наймдугаар ангийн хүүхэд байлаа. Монголын ардчилсан холбоо манай суманд байгуулагдах гэж байсан үе юм. Тухайн үед тус холбоог байгуулах асуудлыг манай гэрт хүмүүс ирчихсэн ярьж байсан. Өөрөөр хэлбэл манай гэрт Ардчилсан намынхан хуралддаг байлаа. Миний ээж Монголын Социал-Демократ намыг үүсгэн байгуулж явсан анхны эмэгтэйчүүдийн нэг. Тэр утгаараа ардчиллын үзэл санаа надад хүүхэд байхаас минь эхэлж сууж, төлөвшиж ирсэн юм болов уу гэж ойлгодог. Миний буурал аав насаараа намын дарга явсан хүн. Ингэхдээ нийгмийн өмнө тулгамдсан асуудал, болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг, шударгаар шүүмжилж тэмцдэг байсан гэдэг. Тиймээс миний хувьд хүүхэд ахуй наснаасаа эхлээд ардчиллын үзэл санааг ойлгож, мэдэрч өссөн гэж ойлгож болно. Ингээд сургуулиа төгсөөд, их сургуульд суралцаж багш боллоо. Багш мэргэжлээрээ ажиллаа, залгаад бизнесийн салбарт хөл тавилаа. Ингэж явахад өөрийн гэсэн үзэл санаатай байна гэдэг том зүйл. Нөгөөтэйгүүр заавал сонгуульд өрсөлдсөнөөрөө албан ёсоор намын гишүүн боллоо гэж ойлгож болохгүй л дээ. Хамгийн чухал зүйл нь үзэл санаа л юм. Тэр утгаараа Ардчилсан нам анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд л энэ намын дэвшүүлсэн үзэл санаанд нэгдэж, идэвхтэй дэмжиж явсан. Цаашид ч энэ үзэл санаа минь өөрчлөгдөхгүй болов уу.

    -Үзэл санааны хувьд хүүхэд ахуй наснаасаа л ардчилал талдаа тогтож, хүмүүжсэн гэж ойлголоо. Яг намын батлахаа авсан цаг үе гэвэл...?

    -Батлахаа авсан цаг үеийг яг оноож хэлж мэдэхгүй юм. Гэхдээ 2011 он шиг санагдаад байна. Тухайн үед Өлзийтийн намын хорооны гишүүн болж байсан шүү. Улс төр, сонгуульд ажлын хувьд 2016 онд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдож ажиллаж эхэлсэн. Тэртээгээс энэ хүртэл хувьдаа боловсорсон, гэр бүлээ төвхнүүлсэн, бизнес хийсэн, мэргэжлээрээ ажилласан. Товчхондоо эдийн засгийн хараат бус болчихоод улс төр рүү орсон гэсэн үг л дээ. Зарим хүмүүс бизнес эрхлэгчид улс төрөөс хол бай гэдэг. Үнэндээ мөнгөний үнэ цэнийг ойлгосон, эдийн засгийн хувьд бусдаас хараат бус бие даасан, баялаг бүтээгчид л улс орныг бодлогын түвшинд удирдаж, хөгжүүлж чадна. Энэ бол улс төрд байх ёстой зарчим гэж хувьдаа ойлгодог. Монголчуудын хэлдэг үг ч бий. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж. Яг л энэ зарчмаар улс төрд орж ирсэн эмэгтэй. Бага ахуйгаас эхэлж тогтсон үзэл санаагаараа, нөгөөтэйгүүр бие болоод гэрээ зассан эмэгтэй хүний хувьд одоо цаашдаа яах вэ гэдэг сонголтод тулж ирсэн. Ингээд л нийгэм, улс орноо хөгжүүлэх үйлсэд гар бие зүтгэх ёстой гэсэн зорилгоор анх 2020 оны сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн.

    Нөгөөтэйгүүр 2020 оны УИХ-ын сонгуульд таныг нэр дэвших цагаас эхлээд хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа гэсэн худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл их цацагдах болсон. Энэ нь сонгуулийн өмнөх улс төр байв уу?

    -Миний хувьд анх 2019 оны 12 дугаар сард сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргаж байсан. Тэр үеэс эхлээд л Адъяасүрэн гэх хувь эмэгтэйг олон нийт таньж эхэлсэн болов уу. Гэхдээ тухайн үед мэдээж бизнес эрхэлдэг байсан учраас салбартаа бол хэдийнэ танигдчихсан байлаа. Олон ч залуусыг мэргэжилтэй, ажилтай орлоготой болгосон. Тухайн үедээ зам тээврийн салбарт цогц үйлчилгээ эрхэлдэг байв. Жолооны сургууль ажиллуулж жолооч бэлтгэнэ. Тэр дундаа мэргэжлийн жолоочийг Монгол Улсдаа анх удаа бэлтгэсэн эмэгтэй гэдгээрээ бахархдаг. Бэлтгэсэн жолоочоо ажлын байртай болгосон. Мэргэшсэн жолоочоороо тээвэр хийлгэж, тээврийн салбарт ажилласан. Тэр дундаа нүүрс тээврийн салбарт бэлтгэсэн жолоочдоо ажиллуулж, ажлын байраар хангаж ирсэн л дээ. Үүнтэй холбоотойгоор Адъяасүрэн гэх эмэгтэй олны анхааралд өртөж эхэлсэн юм болов уу даа. Нөгөөтэйгүүр сонгуульд нэр дэвших үед миний рейтинг өндөр байсан учраас ямар нэгэн аргаар УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх ажлуудыг зохион байгуулалттай хийж эхэлсэн. Тэр тусмаа 2020 оны тавдугаар сарын 7-нд намайг АТГ-аас шалгасан.

    -Ямар үндэслэлээр вэ?

    -Тухайн үед өмнө нь хүнд зээл өгснийг маань авлигал гэж үзээд шалгасан байдаг. Бизнес эрхлэгч хүн бусдаас зээл авна, бусдад боломжоороо зээл өгнө. Энэ чинь зах зээлд явагддаг энгийн л харилцаа. Улмаар авлигын хэрэгт хамааралгүй гэж үзээд УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой болсон. Өөрөөр хэлбэл Адъяасүрэн гэдэг хүн хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл хийгээгүй болох нь тогтоогдсон гэсэн үг. Тийм ч учраас сонгуулийн байгууллага миний нэр дэвших боломжийг нээж өгсөн байх. Ингээд миний бие УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, ард түмнийхээ төлөөлөл болж улс төрд орж ирсэн. Анх сонгуулийн өмнө шалгаж байгаад хаагдсан хэрэг УИХ-ын гишүүн болсны дараа нэг нээгдэж, нэг хаагддаг болсон. Би үүнийг одоо болтол сайн ойлгодоггүй. Нэгэнт хэрэгт холбоотой байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаад гэм буруугүй нь тогтоогоод тус хэргээ хаачихаад дараа нь дахиад нээж шалгана гэдэг нь юу гэсэн үг вэ. Дахиад л тогтоогдохгүй байна гээд хаачихна. Угаасаа ямар ч гэм буруугүй, хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргаагүй хүнийг дахин дахин шалгаж, хэргийг нь нээж, хаах ямар ач холбогдолтой байсан юм, мэдэхгүй. Яг нэг тийм улс төрийн зорилготой үйл явц гишүүн болсноос хойш одоог хүртэл дагаж байна. Одоо сүүл рүүгээ нөгөө зээл өгсөн гэх асуудал маань нүүрсний хэрэг болж хувирсан байх жишээтэй. Нөгөөтэйгүүр УИХ-д суудалтай сөрөг хүчний хоёрхон эмэгтэй гишүүд рүү үе үе байнга дайрч, гүтгэж ирсэн. Бид хоёр тохоогүй хэрэг, гүтгүүлээгүй асуудал гэж байхгүй. Хүнийг хардаж, гүтгэж, шалгаж, тогтоож болно. Шалгаад гэм буруугүй, хамааралгүй гэдэг нь тогтоосон хүнээ анх гүтгэсэн шиг ээ, хэрэгт холбогдуулсан шигээ нэр төрийг нь сэргээдэг байх хэрэгтэй гэж боддог. Гэтэл олон нийтэд гэм буруутай мэт гүтгэж, хэрэгт холбогдуулан шалгачихаад тогтоогдохгүй болохоороо усанд хаясан чулуу шиг чимээгүй болчихож болохгүй л юм даа. Шаардлагатай гэвэл хэргээ нээчихдэг. Улмаар шаардлага нь багасаад ирэхээрээ уучлаарай та энэ хэрэгт хамааралгүй байжээ гээд хаачихдаг байж болохгүй ээ. Улстөрчийн гол баялаг бол нэр төр. Тиймээс энэ асуудлыг цаашид хуульчлах, тогтолцооны хувьд шинэчлэх шаардлагатай гэж үздэг.

    -Шууд асуухад яг өнөөдрийн байдлаар хуулийн байгууллагаас тантай холбоотой хэргээр шалгаж байгаа зүйл байна уу?

    -Тийм зүйл огт байхгүй ээ. Хааяа нэг дууддаг, шалгадаг. Улмаар хаасан гэдэг. Өөр зүйл хэлдэггүй, ярьдаггүй.

    -Та УИХ-д орж ирэхээсээ өмнө Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан. Ер нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гол зорилго чиглэл юу вэ. Тухайн үед тус холбоог тэргүүлж байхдаа орон нутагт ямар ажил хийж хэрэгжүүлэв. Эмэгтэйчүүдээ бодлогын түвшинд хэрхэн дэмжиж ажилласан бэ?

    -Анх 2018 онд Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж ирсэн. Ардчилан үзэл санаагаар Монголын эмэгтэйчүүдэд гэрэл нээх, нийгмийн тэгш, шударга байдлыг нь хангах зорилгоор тус холбооны тэргүүнээр ажиллаж байна. Улс төрд орж, УИХ-ын гишүүн болсон эмэгтэй хүн гэдэг утгаараа маш их хүлээлт нийгэмд бий болдог. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн УИХ-ын гишүүн болсон учраас эмэгтэйчүүдийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг хүлээлтийг бие болгодог гэсэн үг. Мэдээж нийгмийн өмнө тэр дундаа эмэгтэйчүүдийн хувьд тулгамдсан асуудал асар олон бий. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангах, орлоготой, ажилтай болгох, нийгмийн тэгш эрхийг нь хангах гээд. Энэ хүрээндээ эмэгтэйчүүдийг чадавхжуулах зорилгоор эмэгтэйчүүдийн манлайлал төслийг Баянхонгор аймагтаа хэрэгжүүлсэн. Хэдийгээр Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн боловч бүхэл бүтэн аймгаас

    сонгогдсон учраас аливаад улс төржихгүй байя гэдэг зарчмыг баримталж ирсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн ардчилсан намыг дэмждэг эмэгтэйчүүдээ гэхээс илүүтэйгээр өргөн хүрээнд буюу нийт эмэгтэйчүүдийнхээ асуудлыг анхаарах ёстой гэсэн зарчмыг баримталж ирсэн. Энэ л зарчмаараа УИХ-ын гишүүнийхээ үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Тэр утгаараа эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих төвийг бүх сумдад бие болгосон. Энэхүү төвөөр дамжуулаад эмэгтэйчүүд нийтээрээ нэгэнтэйгээ санаа бодлоо солилцох, арга туршлага, мэдлэг боловсролоо хуваалцдаг болгосон.

    -Эмэгтэйчүүд гэснээс өнгөрсөнд болсон нэг үйл явдал санаанд орж байна л даа. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр танай намын бүлгийн гишүүд талбай дээр өлсгөлөн зарласан. Энэхүү тэмцэлд та ч гэсэн нэгдэж хамт өлссөн. Эмэгтэй улстөрчдөд иймэрхүү улс төрийн хурц тэмцэл явуулахад бие, сэтгэл санааны хувьд мэдээж хүнд байдаг болов уу. Тэр утгаараа дараа дараагийн эмэгтэй улстөрчдийн зүгээс иймэрхүү тэмцэл хийж чадах хүн хэр олон байгаа бол?

    -Мэдээж тухайн үеийн үйл явц амаргүй байлаа. Хоёр ч удаагийн дараалсан УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН-ынхан үнэмлэхүй олонх болсон. Ингэснээрээ нэг намын дарангуйлал түүнээс гарах үр дагавар нийгмийн амьдралд бодитой мэдрэгдэж эхэлж байлаа шүү дээ. Нөгөөтэйгүүр манай намын 200 мянган гишүүдийн төлөөлөл хуралдаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ тодруулж гаргаж ирснийг хүлээн зөвшөөрөөгүй. Энэ бол нэг намын дарангуйллын нөлөөлөл гэж харсан учраас тухайн үед Ардчилсан намын бүлгийн гишүүд талбай дээр өлсгөлөн зарласан. Үүнд миний бие ч нэгдэж, үнэт зүйл, үзэл санаагаа хамгаалахаар тэмцсэн. Өлсгөлөн зарлаж, тэмцэх гэдэг бол таны хэлснээр тэмцлийн хурц хэлбэр шүү дээ. Тэр утгаараа эмэгтэй хүний хувьд маш хүнд зорилт л доо. Гэхдээ улс орон, нийтийн эрх ашгийн төлөө тэмцсэн учраас өөрт ирэх зовлонг үл тоосон. Тухайн үед нэг намын дарангуйллын эсрэг АН-ын эрчүүдтэйгээ өлсгөлөн зарлаж тэмцэн анхны эмэгтэй магадгүй бий байх. Зарим хүмүүс намайг жижиг биетэй, туяхан эмэгтэй гэж боддог юм шиг байна лээ. Харин тухайн үед өлсгөлөнгөө эхлүүлээд хэд хоноход манай намын эрчүүдийн “Өлсөөд хэд хоног болж байж энэ муу жижиг биетэй эмэгтэй яах ч үгүй байхад бид эрчүүд байж ичмээр санагдаж байна” гэж уулга алдаж байсан. Мэдээж зарим талаараа эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү тэсвэр хатуужилтай байх. Цаашид улс төрд гарч ирэх эмэгтэйчүүдээс үүнээс илүү тэсвэр тэвчээр шаардсан тэмцэл өрнөхийг үгүйсгэхгүй. Тийм цаг үе ирлээ гэж бодоход эмэгтэйчүүд л лав шантарч хойш суухгүй гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ тийм цаг үе битгий ирээсэй. Өлсгөлөн зарлаж, тэмцлийн хурц хэлбэрт очтол нь иргэдээ битгий зовоогоосой л гэж хүсч байна.

    э.МӨНХТҮВШИН