Д.БОЛОР: МҮХАҮТ бол намын дэргэдэх холбоо биш учраас улстөржилтөөс ангид, улс төрийн намаас хараат бус байх ёстой
9 сарын 18, 2023

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 20-нд болно. Монгол Улсын хувийн хэвшлийнхний толгой байгууллага гэгддэг Танхимын үйл ажиллагаа ирэх дөрвөн жилд ямар болж, бизнесийн орчинд ямар салхи эргэхийгтус сонгууль шийднэ. Энэхүү сонгуульд нэр дэвшигчидийн нэгбол Мобиком корпораци, Скайтел групп гэх мэт томоохон компанийн Гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Д.Болор юм. Түүнтэй МҮХАҮТ-ын өнөөгийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд, бизнесийн орчны талаар  ярилцлаа.

-Хувийн хэвшилд олон жил удирдах албан тушаал хашиж, бизнесменүүдийн зовлон жаргалыг мэддэг хүн МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаад олзуурхаж байна. Яагаад нэрээ дэвшүүлэх болсон бэ гэдгээс яриагаа эхэлж болох уу?

-Би ШУТИС-ийг холбооны инженер мэргэжлээр төгсөж, ажил амьдралын гараагаа “Монголын цахилгаан холбоо” компанид ажилд орсноор эхлүүлж байлаа. Тэнд би жирийн инженерээс Технологи үйлчилгээ хариуцсан захирал хүртэл дэвшин, 2003 оноос хойш хувийн хэвшилд буюу “Мобиком” корпораци, түүний толгой компани “Ньюком” групп, “Скайтел” групп зэрэг харилцаа холбооны компаниудад Гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан. Сүүлийн жилүүдэд хувийн компаниа ажиллуулж байна.

Өөрийнхөө амьдралыг товчхон дүгнэхэд, их сургуулиа төгссөнөөс хойш 40 орчим жил ажиллахдаа тэн хагаст нь төрийн өмчит байгууллага буюу “Монголын цахилгаан холбоо” компанид, үлдсэн хугацаанд нь хувийн хэвшилд ажиллажээ. Дөнгөж байгуулагдсан жижиг аж ахуйн нэгжээс өгсүүлээд, харилцаа холбооны хамгийн том компани болох “Мобиком” корпорацийг хүртэл удирдаж үзлээ. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн зовлон жаргалыг өөрийнхөө биеэр туулсан гэсэн үг. Бизнесийн салбарт хүнд бэрх зүйл байсан. Дардан байгаагүй, хохирч явсан үе ч бий. Гол нь удирдсан компаниудаа загвар болгоё гэж төлөвлөдөг байсан. Түүндээ ч хүрч ирсэн. Хүнд туршлага гэдэг зүйл том баялаг байдаг. Өөрийнхөө туршлага дээрээ тулгуурлаад, МҮХАҮТ-д менежментийн шинэчлэл хийе, түүгээрээ дамжуулаад Монголын бизнесийн орчинг сайжруулъя, төр хувийн хэвшлийн харилцааг шинэ түвшинд гаргаж ирье гэж зориглон Танхимын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа юм. Энэхүү сонгуульд олон сайхан залуус өрсөлдөхөөр зэхэж байх шиг байна. Эдгээр залуусын дийлэнх нь Танхимыг улс төрийн гараагаа эхлүүлэх хэрэгсэл ч гэж харж байж болох. Миний хувьд амьдралын болоод бизнесийн туршлага хуримтлуулсан, үүнийхээ үр өгөөжийг ч өнөөдөр хүртэж яваа, аливаа улс төрийн ашиг сонирхолгүй нэгэн учраас бусдаасаа өөр харагдаж байгаа.

-Яагаад заавал МҮХАҮТ-ын ерөнхийлөгч гэж. Бусад хүмүүс шиг УИХ-д дэвшээд ч юм уу энэ ажлаа хийж болохгүй юу?

-Миний хувьд өнгөрүүлсэн амьдралынхаа туршид нам улс төрөөс ангид байж бизнесийн салбарт ажилласан. Би зарим улстөрчид шиг гоё ярьж, популист амлалт өгч чадахгүй. Бизнесменүүдийн зовлон жаргалыг л гадарлахаас биш улс төрийн амьдралыг огт мэдэхгүй. Тиймдээ ч УИХ-д дэвшье, гишүүн болъё гэж нэг ч удаа бодож байгаагүй.

Харин бизнесийн байгууллага болж өгвөл улс төржилтөөс ангид байгаасай гэж хүсдэг. Монголд бизнес эрхлэх маш хэцүү. Бүх салбар хэт улс төржсөн, авлига хээл хахууль газар сайгүй, хүнд сурталтай, төгрөгийн ханш тогтворгүйгээс болоод зээлийн хүү өндөр, валютын ханш савлагаатай, зах зээл жижиг учраас бүх секторт бизнес эрхлэх хүндрэлтэй байгаа. Манай бизнесийн орчин ч хэт тогтворгүй. Энэ бүгдийг дан ганц төр засаг засаж сайжруулж чадахгүй. Аль нэг компани дангаараа зохицуулах бүр ч бололцоогүй. Харин МҮХАҮТ манлайлж, төр, хувийн хэвшил нь хоорондоо ойлголцож байж л улс орон хөгжинө гэж би итгэдэг. Хэрвээ МҮХАҮТ нь намчирхаад, улс төржөөд эхэлбэл эдгээр ажил биеллээ олохгүй. Танхим бол намын дэргэдэх клуб биш. Хэн нэгэн улстөрчийг намын дарга болгох шатны гишгүүр ч биш. Тийм ч учраас МҮХАҮТ улс төржилтөөс ангид, улс төрийн намаас хараат бус байх ёстой гэдгийг энэ дашрамд хэлмээр байна.

-Улс орны эдийн засгийг төр засаг авч явах ёстой биш үү. Төр, Танхим хоёр нэлээд өөр субьектууд гэж нийгэмд хардаг шүү дээ. Ер нь Танхимын өнөөдрийн өнгө төрх, нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байна вэ. Энэ байгууллага өөрөө улс оронд ямар ач холбогдолтой байгууллага вэ?

-Төрийн чиг үүрэг бол бодлого зохицуулалтаа л хийх явдал. Харин бизнесийн байгууллагууд стратегийг хэрэгжүүлдэг байх ёстой. Жишээ нь, ковидын үеэр Засгийн газар эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөр, ус дулаан, цахилгааны төлбөрийг улсаас хөнгөлөх зэргээр санаачилгууд гаргасан. Цахим шилжилтийг төр манлайлж байна. Зөв буруу явсан нь тусдаа асуудал. Гол нь ийм санаа, санаачилгыг Танхим гаргаж, төрийн араас биш урд нь гарч манлайлж явах ёстой юм.

Олон улсын туршлагаас харахад хувийн хэвшлийн хөгжил өсөлттэй, тогтвортой, засаглал нь сайн байхад улс орны эдийн засаг ч үүнтэй зэрэгцээд өсөлттэй, тогтвортой байдаг. Үүн дээр Танхимын зүгээс бизнест учирч байгаа хүндрэл бэрхшээлийг давахад илүү санаачилгатай ажиллах, аж ахуйн нэгжүүдийн бизнес эрхлэх таатай нөхцөл, эрх зүйн орчин бүрдүүлэхэд манлайлж явах ёстой. Ганцхан жишээ татахад, компаниуд төдийгүй ажилчид хүртэл хохирлыг нь амсаж байгаа Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга байна. Маш муу өөрчлөлт болсон. Үүн дээр Танхим өнөөдөр бизнесийнхний дуу хоолойг төрд хүргэж явах ёстой. Бизнесийн байгууллагуудын эрх ашгийг хамгаалах санаа санаачилгууд гаргаж, төрийг шахаж, урд нь гарч манлайлж явах шаардлагатай. Гэтэл төр засаг л сайн муугаараа дуудуулан барин бүгдийг нь чирч байна. Танхим харин араас нь яваад байна.

Өөр нэг жишээ энгийн хэлье л дээ. Манай улсын Авлигын индекс 2018 онд 93 дүгээр байрт байсан бол 2022 онд 116 дугаар байр хүртэл ухарлаа. Авлига гэдэг бол шударга бизнесийг боомилогч хорт хавдар. Авлигын эсрэг МҮХАҮТ дуу хоолойгоо гаргадаг байх ёстой. Гэтэл тэгсэнгүй. Өнгөрсөн жилүүдэд ЖДҮХС-ийн зээл эзэндээ, тэр дундаа эгэл жирийн жижиг, дунд бизнесүүдэд хүрсэнгүй. Улстөрчид л хуваагаад идчихсэн. Үүнийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Танхим ядаж ганц удаа ч шүүмжилсэнгүй. Засгийн газар л сайн муугаараа дуудуулан байж алдаагаа засах гээд үзээд байна. Зүй нь иймэрхүү асуудал дээр Танхим Засгийн газраа шахаж шаарддаг байх ёстой шүү дээ.

МҮХАҮТ бол хуулиар хамгаалагдсан, улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, аж ахуйн үйл хэрэгт таатай нөхцөлийг бүрдүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудаас гадаад дотоодын байгууллагатай худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өөрийн орны бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргах, дэмжлэг үзүүлэх зорилттой ажилладаг том байгууллага. Үндсэндээ эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэж, манлайлж явах ёстой гэсэн үг. Харин гишүүн байгууллагын байр сууринаас ажиглахад сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа, идэвхтэй байдал нь нэлээд суларчихав уу даа гэж анзаарагдаад байгаа.

-За тэгвэл юунаас эхлэх ёстой вэ. МҮХАҮТ-ын үйл ажиллагаа хаашаа, хэрхэн чиглэх ёстой талаар таны харж буй шийдлүүдийг сонсъё л доо?

-МҮХАҮТ-ын өөрчлөлтийг өөрөөс нь эхлүүлэх шаардлагатай. Танхимын тухай хууль 1995 онд батлагдсан, өнөөдрийг нэг ч удаа өөрчилж, шинэчлээгүй. Гэтэл 1995 оноос хойш бизнесийн орчин ямар хурдтай өөрчлөгдөж байгааг та надаар хэлүүлэлтгүй харж байна. Тиймээс нэн тэргүүнд бизнесийн өнөөдрийн нөхцөл байдалд тохирсон хуулийн шинэчлэл шаардлагатай. Хуулийн шинэчлэлийг хийснээр Танхим гадаад дотоодод албан ёсны байр суурьтай болно. Бизнес эрхлэгчдийг өмгөөлөх хамгаалах боломжтой болно. Мөн дээр нь төрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх суурь зохицуулалтыг хийх ёстой. Төрийн зүгээс хувийн хэвшилд хийж чадах зүйлсийг даатгая л гээд байгаа шүү дээ. Төр өөрөө аж ахуйн олон ажлыг хийж дийлэхгүй, чадах ч үгүй. Тиймээс төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, эрхлэх үйл ажиллагааных нь зааг ялгааг тогтоох гэх мэт зайлшгүй хийх шаардлагатай ажлууд олон байна.

Мөн МҮХАҮТ өөрөө маш чадварлаг байх ёстой. Ялангуяа Мэргэжлийн холбоодын хөгжлийг дэмжиж ажиллах маш чухал. Ядаж л төрөөс эхлүүлсэн цахим шилжилтэд хувийн хэвшлүүдээ холбогдоход нь мэргэжлийн тусламж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Наад зах нь цахимаар гэрээ хэлцэл байгуулдаг болж байж бид өнөөдрийн цаг үетэй хөл нийлүүлж алхана.

-Та МҮХАҮТ-ын ерөнхийлөгч боллоо гэхэд хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Магадгүй Танхимын ерөнхийлөгчид сонгогдлоо гэхэд мэдээж залгамж халааг тодорхой хэмжээгээр үргэлжлүүлнэ. Гэхдээ маш чадварлаг залуу багийг нэмж оруулах, менежментийг нь сайжруулах шаардлагатай гэж хардаг. Надад хангалттай туршлагатай, байгууллагын ажлыг сайжруулах чин хүсэл эрмэлзэлтэй, маш өндөр чадвартай баг бэлэн байна. Бизнесийн орчинд нэг хүнд асуудал байгаа нь хүний нөөц. Нэг талд нь баахан ажлын байр, нөгөө талд нь ажилгүй хүмүүс олон болчихоод байгаа. Энэ нь боловсролын систем маань бодит байдлаас тасарчихсаны үр дагавар. Бизнесийн байгууллагуудад эрэлттэй мэргэжилтнийг бэлдэж чадахгүй байна. Үүний цаана бас л төртэйгөө ойлголцох асуудал яригдана. Бид нэгнээ боломж гарвал шүүмжилж, зөвхөн таалагдсан шийдвэр, шийдлээ биендээ тулгаж, төрөөс л аливааг нэхсээр өдийг хүрлээ. Үнэндээ бидэнд хамгийн ихээр дутагдаж байгаа зүйл бол бүх талын хамтын ажиллагаа. Хувийн хэвшил, төрийн хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлж, худлаа амлалт биш, үр дүнг гаргах бүрэн боломжтой. Бас үүнийг хийж харуулна.

-Та түрүүн Танхим өөрөө чадварлаг байх ёстой гэлээ. Энэ нь гишүүн байгууллагууд, хувийн хэвшлүүдийг чадваржуулахад ч хувь нэмэртэй биз. Ер нь МҮХАҮТ-ын үйл ажиллагаа гэхээр хувийн хэвшлийн өнөөдрийн нөхцөл байдлыг ярьж таараад байна. Хуулийн шинэчлэлтээс эхлээд хүний нөөцийн шийдлүүд яригдах нь. Таны технологийн салбарын компаниудад хийсэн шинэчлэлүүд, шинэ туршлагууд өнөөдрийн компаниудад загвар болсоор байгаа. Тиймээс энэ чиглэлийн шинэ санаачилгууд юу байх бол гэж сонирхол татаад байна?

-Тэгэлгүй яахав. Танхим ур чадвартай байх нь маш чухал. Бизнесийн орчныг сургаж хөгжүүлэх тал дээр манлайлал үзүүлэх ёстой. Түүгээр зогсохгүй МҮХАҮТ-ын гишүүн байх үнэ цэнэ, өгөөжийг нэмэгдүүлж, ялангуяа бизнесийн боловсролыг, чадварыг нэмэгдүүлэх шаардлага маш чухлаар яригдах ёстой. Тухайлбал, компаниудад хуулийн зөвлөгөө өгчихдөг, гэрээ хэлцэлд нь зөвлөн тусалдаг болох хэрэгтэй. Компанийн хувьд энэ нь маш чухал асуудал. Гэтэл компани бүр хуулийн зөвлөхтэй байх боломжтой биш шүү дээ.

Нөгөөтэйгүүр, жижиг дундынхан маань компанийн засаглалыг тоохгүй байгаа нь анзаарагддаг. Уг нь компани байгуулахаас эхлээд засаглалын элементийг бага багаар хийж явах ёстой. Бид жижиг компани, томорч байгаад лзасаглал ярина гэдэг. Үүнээс болж олон компани томорч чадахгүй, хөл дээрээ зогсохоос өмнө тарж бутарч байна. Том компаниудад ч засаглалын хувьд асуудлууд бий. Засаглал зөв байх нь бизнесийнхэний хувьд амин чухал. Үүн дээр мөн танхим дэмжлэг үзүүлж ажиллах ёстой.

Дээрээс нь менежментийн туршлагууд, ялангуяа олон улсын стандартыг дунд, том компаниуд хийж эхэлж байна. Бид олон улсын зах зээл дээр гарахын тулд гадны бизнесийн төгөлдөршлийн загварууд нэвтрүүлэх хэрэгтэй. Бидний хэрэгжүүлж байсан туршлагууд бий л дээ. 2007 онд Сингапурын хөгжлийн төгөлдөршлийн загварыг Азийн бүтээмжийн байгууллага, Сингапурын экспертүүдтэй хамтран Ньютел, түүний охин компани болох Мобиком корпораци дээр нэвтрүүлж Монголдоо анхдагч болж байлаа. Боломж үргэлж байдаг. Танхимын бүх үйлчилгээг 100 хувь цахимжуулахаас авхуулаад мэргэжлийнхээ дагуу миний хийж чадах ажлууд зөндөө бий. Гол нь бидэнд ганцхан асуудал байгаа юм.

-Ямар?

-Монголчууд бид нэгдэж, хамтрах сэтгэл зүй байдаггүй нь миний санааг хамгийн их зовоодог. Уг нь бид аль ч түвшинд нэгдмээр байгаа юм. Бид цөөхүүлэхнээ. Дэлхий ертөнцийн хөгжлийн хурд ямар байна, биднийх ямар байна. Технологи, бизнесийн хөгжил асар хурдацтай урагшилж байна. Энэ дунд монголчууд бид бизнесээ төрөлжүүлж, кластер байгуулж хүчээ нэгтгэж явахгүй бол ганц компани бүх зүйлийг хийж чадахгүй. Цөөхүүлээ учраас өөрсдийнхөө нөөц бололцоог харилцан ашиглаад нийтээрээ хожих ёстой. Нийлж нэгдэж чадвал асар том боломжийг бий болгож чадна. Харин тус тусдаа явна гэвэл амиа аргацаасан байдалтай байсаар л байна. Монголчууд бид бүгдээрээ нэг л завин дээр яваа үндэстэн. Бидэнд сэтгэл хангалуун сайхан амьдрал хэрэгтэй. Бид бол хоёр том гүрний дунд байдаг бахархалтай түүх соёлтойгоос гадна ардчилсан орон. Гол нь бидэнд эв нэгдэл л дутагдаад байна. Бизнесийн компаниуд ч нэгдэж, бие биенийхээ дутууг гүйцээж, илүү чанартай, илүү өртөг багатай олон улсын стандарт хангасан экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоо байгаа. Үүн дээр МҮХАҮТ маань илүү санаачилгатай ажиллах ёстой. Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа гэдэг шүү дээ.

 

Б.ЦЭЦЭГ