Говь өөрөө домгийн ертөнц. Хүний зүрх сэтгэлийг татах далдын хүчийг өөртөө шингээсэн говь нутагт дэлгэцийн нэгэн шинэ уран бүтээл мэндэлж байгаа нь “Говийн домог” уран сайхны кино юм.
Говьд анх үүссэн хэмээн яригддаг морин хуур хөгжмийг ахуй заншилтайгаа холбож, аялгуу эгшгийн тухай домгийн киног UBS телевизийн 500 уран бүтээлч хоёр жилийн турш бүтээжээ.
Хан хуурчдын удам л хаан сэнтийд заларч, хамаг олноо мэдэн захирдаг байсан уламжлалт ёсыг зөрчиж улсын эзэн болсон Иглэр хэмээх харгис догшин нэгэн эр байжээ.
Тэрээр өөрийн удмыг эгнэгт хаан байлгахын тулд яруу эгшиглэнг устгана гэж ам тангараг тавьж, орон дэлхийн бүх хуурчдыг алж, хуур хөгжмийг хуу хаман шатааж, ард олныг дарангуйлан захирсаар хорин оныг үдсээр кино эхэлнэ.
Киноны гол дүрийн нэг Иглэр хааны дүрд Оросын Холбооны Бүгд Найрамдах Тува Улсын Ардын жүжигчин, Саха-Якутын Гавьяат жүжигчин Ондар Эдуард Борисович тоглосон нь илүү анхаарал татаж байлаа. Киноны гол дүрийн эмэгтэй Эгээрэл гүнжийн дүрд СУИС-ийн оюутан Б. Замилан, хуурчийн дүрд О.Амгаланбаатар, их хатны дүрд Ч.Очгэрэл, өвгөн хуурчийн дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва нар тогложээ. Б.Замилангийн хувьд дэлгэцийн анхны бүтээл нь юм. Тэрээр “Говийн домог” киноны “Зүрхний амраг” дууг дуулжээ.