Эрчим хүчний 80МВт чадал нийлүүлэх батарей хуримтлуурыг энэ сард сүлжээнд залгана
11 сарын 7, 2023

Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын батарей хуримтлуурын гүйцэтгэл 96.5%-тай үргэлжилж байгааг салбарын яамнаас мэдээллээ.

Зарим төрлийн туршилтуудыг эхлүүлж, энэ сарын 20-ны өдөр техникийн комисс ажиллуулан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Хуримтлуурын төсөл нь дэлхийд томоохонд тооцогдохуйц 80МВт суурилагдсан хүчин чадалтай, 200МВт.цагийн багтаамж бүхий литиум-ион төрлийн батарей хуримтлуурын байгууламжийг суурилуулж, 220/110/35кВ-ын “Сонгино” дэд станцад холбох юм байна.

 

Ингэснээр оргил ачааллын үед нэгдсэн сүлжээнд 80МВт хүртэл чадлыг нийлүүлж, тэр хэмжээгээр импортын эрчим хүчийг бууруулах, хүчдэлийн давтамж тохируулга хийх, ДЦС-уудыг “0” зогсолтоос сэргээх цахилгаан эрчим хүчийг нэгдсэн системд нийлүүлнэ.

Засгийн газраас БНХАУ-ын ZTT ба ZEST компаниудын хамтарсан консерциумтай түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй, 80.9 сая ам.долларын гэрээг байгуулж, батарей хуримтлуурын барилга угсралтын ажлыг 2022 онд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт эхлүүлж байв. 

Батарей хуримтлуурын технологи нь манай улсын хувьд шинэ бөгөөд ХБНГУ-ын “RWE Technology International GmbH” зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Харин дулааны цахилгаан станцуудын өвлийн бэлтгэл хангах ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа ба Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 98%, дулааны хоёрдугаар цахилгаан станц 96%-ийн гүйцэтгэлтэй байна. Үлдсэн ажлуудыг хуваарийн дагуу энэ сарын 15-ны өдрийн дотор дуусгахаар төлөвлөжээ.