Хан-Уул дүүргийн Өсвөрийн шигшээ багийн тамирчин, 100 буудалт даамны спортын ОУ-ын мастер, Нийслэлийн ерөнхий боловсролын 114 дүгээр сургуулийн сурагч А.Дашчирэв, дүүргийн Өсвөрийн шигшээ багийн тамирчин, 18 дугаар сургуулийн сурагч О.Тэмүгэ нар ОУ-ын тэмцээнд оролцох эрхээ авч, багш, дасгалжуулагч нарынхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хангаж буй.
Өнөөдөр дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан ОУ-ын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа багш, тамирчдыг хүлээн авч уулзан тэмцээнд оролцоход шаардагдах зардлыг гардуулан өглөө.
Хан-Уул дүүргийн Өсвөрийн шигшээ багийн тамирчин, 100 буудалт даамны ОУ-ын мастер, Нийслэлийн ерөнхий боловсролын 114 дүгээр сургуулийн сурагч А.Дашчирэв нь 2023 оны 10 дугаар сарын 25-аас 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Герман Улсын Прора хотноо зохион байгуулагдах “100 буудалт даамны Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах” тэмцээнд оролцох юм. Түүний амжилтаас нь товч дурдвал:
- 2017-2023 онд 100 буудалт даамын тэмцээний Улсын 12 удаагийн аварга
- 2017 онд МУ-ын Спортын дэд мастер цол
- 2018 онд БНХАУ-ын Шинтай хотод болсон Ази тивийн АШТ-ээс үндсэн төрөлд хүрэл медаль, rapid төрөлд мөнгөн медаль
- 2019 онд МУ-ын мастер цол
- 2022 онд Олон улсын хэмжээний мастер цол
- 2019, 2023 онд Монголын хүүхдийн спортын VI, VII их наадмын хос алтан медаль
- 2022 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс rapid төрлөөр алтан медаль, blitz төрлөөр мөнгөн медаль, насанд хүрэгчдийн ангилалд хүрэл медаль
- 2022 онд Турк улсын Антальяа хотод болсон ДАШТ-ээс үндсэн ба блиц төрөлд хос алтан медаль тус тус хүртсэн.
Буудлагын спортын мастер, дүүргийн Өсвөрийн шигшээ багийн тамирчин, 18 дугаар сургуулийн сурагч О.Тэмүгэ нь 2023 оны 10 дугаар сарын 22-оос 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд БНСУ-ын Чангвон хотноо зохион байгуулагдах “Хийн буудлагын Азийн аварга шалгаруулах” тэмцээнд оролцоно. Түүний амжилтаас товч дурдахад буудлагын спортоор ОУХМ С.Адилбиш дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэгдэж, 2019 онд буудлагын спортын 1, 2-р зэрэг, 2022 онд Спортын дэд мастер, 2023 онд Спортын мастерын болзол хангасан өсвөрийн өсөж яваа залуу тамирчин юм.
УЛС ОРНЫХОО НЭРИЙГ ГАРГАЖ, ТЭМЦЭЭН УРАЛДААНДАА АМЖИЛТТАЙ ОРОЛЦОХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.