1950-1953 онд үргэлжилсэн Солонгосын дайнд амиа алдсан 200 цэргийн шарилыг хүлээж авснаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп саяхан мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-Хойд Солонгосын төрийн тэргүүнүүд Сингапурт анх удаа уулзахдаа энэ талаар тохиролцсон юм. Минессотад намынхаа сонгуулийн арга хэмжээн дээр үг хэлэхдээ Трамп “Манай амь үрэгдсэн баатруудын шарилаас 200-г нь хүлээж аваад байгаа” гэжээ.
Тэрээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай сайн харилцаатай болсноо яриад “Тэд дахин Японыг давуулж пуужин харвахгүй. Тэд бүх цөмийн туршилтаа зогсоосон. Цөмийн судалгаа, пуужингийн үйлдвэрлэлээ ч зогсоосон. Ер нь бидний хүссэн бүхнийг тэд биелүүлсэн” гэж хэлсэн байна.
Трамп дэмжигчдэдээ хандаж “Яг одоо та бүхэн айх аюулгүй. Бүх Ази даяар бидний ололт амжилтыг тэмдэглэж байна. Та нар намайг сонгосон учраас л энэ бүхэн биелсэн” хэмээн хэлж, Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг эхлүүлсэн гавьяаг өөртөө тохжээ.
Гэхдээ 200 цэргийн шарил АНУ-д хүргэгдэж ирсэн байгаа, эсвэл замдаа яваа эсэх нь одоогоор тодорхойгүй байна.