ҮНДЭСНИЙ БӨХИЙН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЖЭЭ
6 сарын 21, 2018

    Улсын их баяр наадам болох дөхсөнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг шинэчлэн баталжээ.

Дүрмийн шинэчлэл нь бөхийн барилдааныг оновчтой зохион байгуулах, үүсэх маргааныг шийдвэрлэх, дүрмийг нэг мөр хэрэгжүүлэх зорилготой юм.

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмээс хүргэж байна.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.       Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахад Үндэсний их баяр наадмын тухай хууль болон энэхүү дүрмийг мөрдөнө.
1.2. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахдаа бөхийн гараа, бөхийг цоллох ёсон, барилдаан болон барилдааны дараах ёсон, жаяг дэгийн баг (хөлийн цэц, засуул, гарын даа, тайлбарлагч)-ийн гишүүд, бөхийн эрх, үүрэг, цээр болон энэ дүрэмд тусгаагүй барилдаантай холбогдох бусад асуудлыг Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс баталсан 'Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм', түүнийг хэрэгжүүлэх заавар, бөхийн өмсгөлийн шаардлагыг баримтална.

Хоёр. Бөхийн барилдааны салбар хороо

2.1. Улсын наадмын үндэсний бөхийн барилдааныг Бөхийн барилдааны салбар хороо (цаашид 'салбар хороо' гэх) хариуцан зохион байгуулна.
2.2. Салбар хорооны бүрэлдэхүүнийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо (цаашид 'Хороо' гэх) батална.

Гурав. Бөхийг бүртгэх, эрэмбэлэх

3.1. Үндэсний их баяр наадамд барилдах бөхчүүдийн бүртгэлийг гарын даа нар баяр наадам болохоос хоёр хоногийн өмнө эхэлж, баяр наадмын өмнөх өдрийн 18.00 цагт дуусгана.(Энэ заалтыг 2009-06-10-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан).
 
3.2. Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд ослын даатгалд даатгуулсан, 18-аас дээш насны бөхийг барилдуулна./ЗГ-ын 2012-06-25-ны 2112 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан/