УИХ-ын Хаврын чуулган хуулийн дагуу долдугаар сарын 1-ний өдөр завсарлах ёстой. Гэвч долдугаар сарын 1-н амралтын өдөр таарч байгаа учраас зургадугаар сарын 29-нд буюу ирэх баасан гаригт чуулган завсарлахаар болжээ. УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө Тавантолгой төслийг эргэлтэд оруулах, Татварын багц хуулийг шинэчлэх зэрэг олон чухал хуулийн төслүүдийг батлах болов уу гэсэн хүлээлт байсан ч хангалттай хэлэлцэх хугацаа байхгүй учир хойшлох нөхцөл үүслээ.
Засгийн газраас УИХ-ын дарга өнөөдөр Тавантолгой төслийг эргэлтэд оруулах хуулийн төслийн өргөн барьж, УИХ -аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болсон. Гэвч УИХ завсарлах хугацаа ойртсон тул ирэх долоо хоногт багтаан Тавантолгойг хөдөлгөх төслийг хэлэлцэж, батална гэдэг мөн бүтэшгүй болж байгаа юм.
Түүнчлэн Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэх мэт олон чухал асуудал хаврын чуулганаар хэлэлцэхээр товлогдоод байсан ч хэлэлцэгдэж амжсангүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хувьд 2 чуулган дамжин яригаж байгаа бөгөөд эрх баригчид хаврын чуулганаар хэлэлцэнэ гэж байсан ч мөн л хойшилж байна. Тиймээс ирэх намрын чуулган эхлэхээс өмнө ээлжит бус чуулган зарлаж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм.
П.Оюунжаргал