Арга хэмжээнд УБЦТС ТӨХК-ийн удирдлагууд, инженер техникийн ажилтнуудаас гадна Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Австри улсын Ерөнхийлөгчийн багийн гишүүн, Хятад дахь Австрийн ЭСЯ-ны Худалдааны зөвлөх Валери Брайтенфелд болон Австрийн Баур компанийн Азийн бүс нутгийн борлуулалтын менежер, оношилгооны чадамжийн төвийн дарга Тобиас Найер, Баур компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч “Зэв эв партнерс” компанийн төлөөлөгчид оролцсон юм.
Явуулын иж бүрэн лабораторийг MSM группээс нийлүүлэгддэг Японы 2024 оны Mitsubishi Fuso маркын автотээврийн хэрэгсэл, Солонгост үйлдвэрлэсэн чингэлэгт Баур компанийн мэргэжилтнүүд угсарч, суурилуулсан аж. Харин лабораториудад ажиллах инженер техникийн ажилтнуудад Баур компанийн оношилгооны чадамжийн төвийн дарга Тобиас Нейер богино хугацааны сургалт явуулна.
Улаанбаатар хотын барилгажилт жил тутам нэмэгдэж, хүн ам нягтаршиж байгаатай холбоотойгоор хотын төвийн цахилгаан дамжуулах кабель шугамууд насжилт, ачаалал, гадны нөлөө зэргээс шалтгаалан гэмтэж, хэрэглэгчдийн цахилгаан хангамж тасалдах тохиолдлын тоо буурахгүй байгаа нь ихээхэн хүндрэлийг учруулж байгаа юм. Тиймээс УБЦТС ТӨХК нь эдгээр орчин үеийн программ хангамж бүхий лабораториудын тусламжтайгаар газар доорх кабелийг гэмтэхээс нь өмнө оношилж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг зорьж байна.
Ташрамд дурдахад УБЦТС ТӨХК нь өндөр хүчдэлийн кабелийн гэмтлийг тодорхойлох, оношлох, турших ажил үйлчилгээндээ Зөвлөлтийн үеийн тоног төхөөрөмж бүхий явуулын лабораторийг 1960 оноос ашиглаж эхэлсэн түүхтэй бөгөөд Австрийн Баур компанийн орчин үеийн дэвшилтэт технологийн лабораториудыг 2006 оноос нэвтрүүлж эхлэн, инженер техникийн ажилтнуудаа мэргэшүүлж ирсэн билээ.