“Монгол Контент” ХХК-ийн дуучин С.Гантогоо хэдхэн хоногийн өмнө анхны уран бүтээл болох “Над шиг мэдэр” дууныхаа клипийг олны хүртээл болгожээ.
Энэхүү дууны үгийг ZZ, С.Гантогоо, Ц.Шинэбаяр, аяыг Н.Тэмүүлэн бичсэн бол хөгжмийн продюсерээр УГЗ Н.Халиун ажилласан байна. Харин тус клипийг "Sentience" студийн хамт олон бүтээжээ.
Түүний бүтээл цацагдаад удаагүй ч YouTube-д хэдийнэ 53 мянга гаруй хандалт авсан байна. Дуучин С.Гантогоотой хэсэг хором ярилцлаа.
-Юуны өмнө анхны уран бүтээлээ үзэгч олонд толилуулсанд баяр хүргэе! Таныг хүлээсэн сонсогчдод хандан ямар үг хэлэх вэ?
-Миний анхны уран бүтээл болох “Над шиг мэдэр” дууг минь сонсож, надад урам хайрласан үзэгч сонсогчдодоо маш их баярлалаа. Энэ дуу маань надад таалагдахаас гадна хүмүүст таалагдаасай гэж маш их хүссэн. Мөн анхны уран бүтээлээ эерэг хандлагатай байлгахыг хүссэн юм. Тиймдээ ч дуу маань “Над шиг мэдэр” гэдэг нэртэй.
Залуустаа “Өчигдөртөө битгий санаа зовоорой, учир нь өчигдөр бол өнгөрчихсөн. Харин өчигдрөөс авахаа аваад, хаяхаа хаяад өнөөдрөөрөө амьдарцгаая. Бас ирээдүй рүү битгий их яараарай. Тодорхой цаг хугацааны дараа ирээдүй бидэнд ирнэ. Тиймээс өнөөдрөөрөө амьдарч, өнөөдөр хийж байгаа бүх зүйлдээ анхаарлаа хандуулж, хөдөлмөрлөж амьдраарай” гэж уриалсан утгатай дуу юм.
Анхны дебют сингл болохоор анхаарах зүйл байсныг үгүйсгэхгүй ч энэ хамтын бүтээлд маань 100 хувь миний сэтгэл зүрх шингэсэн юм шүү.
-Дууны үг зохиогчдын дунд С.Гантогоогийн нэр байсан. Дуугаа өөрөө зохиосон уу?
Хүмүүст таалагдвал надад ч сайхан байх болно.
-Энэ дууны үгийг ZZ зохиосон. ZZ-тэй хамтран ажиллаж байгаагүй уран бүтээлч цөөхөн байх. Түүний олон дуу хит болж байсныг сонсогчид андахгүй болов уу.
ZZ гайхалтай шүлэг бичиж өгсөн. Тэрэн дээр Шинээ бид хоёр ажиллаад бага зэргийн өөрчлөлт хийж, санаагаа тусгасан болохоор миний нэр багтсан юм. Дахин дахин сонсоод үзээрэй.
-Клип их өнгөлөг харагдлаа. Санаа нь хэнээс гарсан бэ?
-Мундаг уран бүтээлчдийн клипийг хийж байсан "Sentience" студиэр клипээ хийлгэсэн. "Sentience"-ийн О.Пүрэвээ болон "Монгол Контент" компанийн залуус хоорондоо ярилцаад гол санааг гаргаж, С.Гантогоо гэдэг хүний стиль имижийг харуулахыг зорьсон. Бид хэн нэгнээс хуулбарлахыг огт хүсээгүй. Хүмүүс үзээд сэтгэгдлээ хэлэх байх. Клипийг сайн ажвал агуулга нь их гоё. Хүмүүст таалагдвал надад ч сайхан байх болно.
-KPop шиг санагдлаа гэж зарим хүн бичсэн байсан. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Бүжигтэй болохоор тэгж санагдсан байх. Би өөрийгөө бүжиглэнэ гэж бодож байгаагүй. Гэтэл “Яг түүн шиг” шоунд оролцоод суралцсан. Би бүжиглэж, жүжиглэж чадах юм байна, хүн хичээвэл хийж чадахгүй юм гэж байдаггүй юм байна гэдгийг ойлгосон.
Хүний дотоод мөн чанарт чадахгүй зүйл гэж байхгүй. Ялангуяа дуртай зүйлийнхээ төлөө хүн хувирч, юу ч хийж чаддаг юм байна. “Яг түүн шиг” шоунд ороход миний дуулсан 10 дууны найм нь бүжигтэй байсан шүү дээ.
Дээр нь Солонгост олон жил амьдарч, сүүлийн таван жилд нь дуу хөгжмийн салбарт ажилласан болохоор ч тэр үү иймэрхүү хэв маягтай байвал хүмүүст их хүрэх юм байна гэж бодсон. Түүнээс дэлхийд алдаршаад байгаа KPop-ыг хуулбарлаагүй юм шүү.
-Хоёр дахь дууныхаа клипийг удахгүй гаргахаар ажиллаж байна гэсэн. Тэр тухайгаа тодруулбал?
-Хоёр дууны клипний зураг авалтаа Солонгост хийлгэхээр төлөвлөж байна. Хоёр дахь дууныхаа мастеринг миксингийг Сингапурт хийлгэж байна. Мөн цомгийн ажилдаа орчихсон. Үүнээс хойш уран бүтээлээ тасралтгүй хүргэж, улам хичээж ажиллах болно.