МУИС-ийн 73 дахь удаагийн төгсөгчид өнөөдөр “Эрдмийн баяр”-аа
тэмдэглэлээ. Эрдмийн баярын үйл ажиллагаанд МУИС-ийн захирал, доктор
Я.Төмөрбаатар, МУИС-ийн дэд захирлууд, бүрэлдэхүүн сургуулийн захирал,
удирдлагууд болон УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх
ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Ардын уран зохиолч Т.Галсан зэрэг
хүндэт зочид оролцов.
Тус сургуулийг 2017-2018 оны хичээлийн жилд нийт доктор 13, магистр 323, бакалаврын зэрэгтэй 1990, нийт 2235 оюутан төгслөө. Нийт оюутны төлөөлөл болгож шилдэг 100 төгсөгч өнөөдөр удирдлага, эрдэмтэн
профессоруудаас ромбо, дипломоо гардав.
Эрдмийн баярын үйл ажиллагааг нээж МУИС-ийн
захирал Я.Төмөрбаатар хэлэхдээ, “МУИС-ийн “Эрдмийн баяр” нь Монгол Улсын хөгжлийг түүчээлэх
шилдэг залуусаа ажил, амьдралын хатуу ч гэлээ амттай замд үдэн гаргадаг
үдэлтийн баяр ч гэлээ эх орноо хөгжүүлж, тив дэлхийд нэрээ цуурайтуулах цаг нь
болсон хэмээн ташуур өгөн мордуулж буй бахархлын баяр” хэмээн тэмдэглээд
“Төгсөгчдийн хувьд төрөлх сургуулиараа бахархах, үндэсний тэргүүлэх их сургууль
МУИС-ийнхаа нэр хүндийг өргөх, эх орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад
өөрийн хувь нэмрээ оруулах, нийгмийн сайн сайхны төлөө мэдлэг боловсролоо
зориулах итгэл үнэмшлийг төрүүлдгээрээ чухал ач холбогдолтой” гээд нийт
төгсөгчдөдөө амжилт хүссэн юм.
Эрдмийн баярын үеэр “МУИС-Хакатон 2018” оюутны шилдэг санаа, санаачилгыг шалгаруулах шилдэг төслийн уралдааны шагнал гардуулах ёслол болж ялагчдад төслийн санхүүжилтийг гардуулсан юм.