Аргентин улсын цагдаа нар хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) дуураймал цомд 1.5 килограмм кокайны гаралтай хар тамхи болон марихуаныг тээвэрлэж явсан бүлэглэлийг баривчилжээ. Аргентин улсын нийслэл Буэнос Айрес хотын Исидоро Касанова дүүрэгт цагдаагийн хүчнийхэн тусгай ажиллагаа явуулсны үр дүнд зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг зогсоож зургаан сэжигтнийг баривчлан саатуулаад байна.
Тэд Хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбогдолтой бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байгааг далимдуулан өөрсдийн гэмт хэргээ үйлдэж байжээ. Буэнос Айрес хотын хамгаалалтын сайд Кристиан Ритондо “Хар тамхины хууль бус наймаагаар яллагдаж байгаа этгээдүүд хэзээ ч наймаанаас гардаггүй. Тэднийг хорьж ял эдлүүлэх нь чухал” хэмээжээ.