Зургадугаар сард Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт
хэргийн шинжтэй нийт 53 гомдол, мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн
авч шалгасан байна .Үүнээс 7
гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээллийг хэрэг
бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 4 гомдол мэдээллийг харьяаллын дагуу
шилжүүлжээ.
Үлдсэн 27 гомдол мэдээллийг шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Харин АТГ энэ сард Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас шалгуулахаар харъяалал тогтоосон нийт 358 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Үүнээс эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн. 34 хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтай прокурорын байгууллагад шилжүүлж, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүллээ. Одоо 332 эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байна.
Түүнчлэн зарим хэргүүдэд шинээр хэрэг бүртгэл нээсэн байна. Тухайлбал:
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн
эрх бүхий албан тушаалтнууд нь Компанийн тухай хууль, дүрмийг зөрчин хүдэр боловсруулах
үйлдвэр байгуулах тухай ТУЗ-ийн зохих зөвшөөрөл шийдвэргүйгээр дур мэдэн нэр
бүхий аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан албан тушаалын байдлаа урвуулан
ашиглан бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд хэрэг
бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
"МИАТ" ТӨХК-ийн
удирдах албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан зарлагдсан
тендерийг хууль бусаар явуулан өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн
нэгжүүдэд давуу байдал олгож улмаар хахууль авсан байж болзошгүй үйлдэлд хэрэг
бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Нийслэлийн Өмчийн харилцааны
газрын эрх бүхий албан тушаалтнууд болох Р, Н нар нь албан тушаалын байдлаа
урвуулан ашиглаж тус газраас зарлагдсан тендерүүдэд аж ахуйн нэгж,
байгууллагуудыг хууль бусаар давуу байдал олгон сонгон шалгаруулан удаа
дараагийн үйлдлээр хахууль авсан гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн
шалгаж байна.
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын удирдах албан тушаалтан Э нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.