Монголын мал аж ахуйн салбарт тулгамдаж буй нэн тэргүүний асуудал болох эрчимт тэжээлийн аж ахуйд суурилсан мал аж ахуй, махны экспортын эрүүл бүс байгуулах чиглэлээр “Мал аж ахуйн технологийн шинэчлэл, IoT Монгол-2018” олон улсын бага хурлыг өнөөдөр /2018.06.25/ Blue Sky зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны оролцоотойгоор Америк-Монголын хамтарсан Jarvis Mongolia (Жарвис Монгол), Хятадын Huawei (Хуавей), Монголын “Аригү Гроү” компаниуд хамтран зохион байгуулж, дотоод гадаадын хөдөө аж ахуйн болон бизнесийн салбарынхан оролцож, туршлага судаллаа.
Jarvis Mongolia компани нь “Мал аж ахуйн технологийн шинэчлэл, IoT Монгол-2018” төслийн хүрээнд Huawei компанитай хамтран малын биед чип суулгаж, мөшгөлтийн шинэ арга туршин нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэхүү төхөөрөмж нь малын биеийн температур, хөдөлгөөн, байршлыг хянах чадамж бүхий цахим хяналтын бичил төхөөрөмж аж. Өнөөдөр гар утсаараа өөрийнхөө малыг хянах боломжтой болж, өөрийн бэлчээрийн хэсэгт очсон эсэхийг Хятадын туршлага харуулж байна. Мөн Эрчим тэжээлийн аж ахуйн Америк туршлагын талаар Марс Арчибалт өөрийн саналаа илэрхийлжээ. Тэрбээр олон жил энэ технологийн ашиглан үр дүнтэй ажиллаж байгааг хэлж байв.