Сэтгүүлчид үнэнийг дэлгэснийхээ төлөө буруутан болж байна гэв
5 сарын 3, 2018

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр /2018.05.03/ тохиож байна. Энэ өдөртэй холбогдуулан сэтгүүлчид “Бидэнд яллахаас өөр эрхзүйн орчин алга” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.

“VTV” телевизийн сэтгүүлч Б.Болдбаатар: “Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хугацаанд нийт 49 удаагийн тохиолдлоор иргэний хариуцлага гэдэг торгуулийг сэтгүүлчид хүлээсэн байна. Улмаар хэдхэн сарын хугацаанд сэтгүүлчид 98 сая төгрөгийн торгууль төлжээ. Мөн 4-5 сэтгүүлч Эрүүгийн хуулиар яллагдагч болон татагдаад байгаа. Тэд хардах, шүүмжлэх,  баримт материалыг дэлгэн тавих гэсэн гурван эрхийг зөрчсөн гэдэг үндэслэлээр буруутгагдсан байна. Зөрчлийн тухай хууль бол зөвхөн сэтгүүлчид төдийгүй нийт иргэдэд ч халтай заалт харагдаад байгаа юм. Сэтгүүлч баримт материалыг дэлгэснээрээ ард түмэнд үнэнийг дэлгэн үзүүлснээрээ буруутан болж байна. Зөрчлийн тухай хуулиар бид хулгайлсан, хүчиндсэн, бузарласан бүгдийг нээлттэй мэдээллэх эрхгүй болчихлоо. Олон нийтэд мэдээлчих юм бол Эрүүгийн хэрэг үүсгэн яллаж байна. Тиймээс сэтгүүлчдэд хэвлэн нийтлэх, мэдээллэх эрх огт байхгүй болсон” гэв.

ТВ9 телевизийн сэтгүүлч Б.Батбилэг: “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх өдөр бол өнөөдөр. Сэтгүүлч бол зүгээр л хүн байдаг юм. Анх би 350 мянган төгрөгийн цалинтай байхдаа гурван хүнээс нэг өдөр, нэг дүүрэг дээр, нэг цагдаагийн хэлтэс дээр зуу зуун сая төгрөг нэхэмжилсэн зарлан дуудах хуудас хүлээн авч байсан. Сэтгүүлч Билэгээ ер нь хэн ч бай өөртөө хэрэгтэй нэг ч зүйлийг хэлдэггүй юм. Их хурлын гишүүдийн ёс зүйгүй үйлдлийг дэлгэн үзүүлснээрээ сэтгүүлч хожихгүй. Өнөөдөр ч би мэдэгдэл хүлээн авчхаад сууж байна” гэлээ.